“Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ ажлаа тайлагнав

2015 оны 09 сарын 09

Өнөөдөр “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ гурван жилийн ажлын тайлангаа  “Блу скай” цамхагийн гуравдугаар давхарт танилцуулав.

“Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төдийгүй иргэд олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж хандлагад нөлөө үзүүлэх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой 2012 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй төр, шашин болон нам, ашгийн бус байгууллага юм.

Өнөөдрийн тайлан танилцуулах арга хэмжээнд ХЭҮТөвийн захирал Д.Энхжаргал  “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, үүсгэн байгуулагч А.Хонгорзул нарын тэргүүтэй энэ үйлсийн төлөө хамтран зүтгэгч байгууллага, хамт олны төлөөлөл оролцлоо. Энэхүү тайлангийн хуралд “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл Монголд” /Г.Оюунболд/, “Бидний ирээдүй” /А.Хонгорзул/ зэрэг сэдэвт илтгэл тавьсан юм.

“Хөөрхөн зүрхнүүдийн аян” нь үндсэн 4 хөтөлбөртэй. Үүнд: Нэгд. Бодлогод нөлөөлөх, Хоёрт. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд болон тэдний гэр бүлд шаардлагатай нөхөн сэргээх Үйлчилгээ үзүүлэх, Гуравт. Бэлгийн хүчирхийллээс охид, хөвгүүдийг Урьдчилан сэргийлэх-мэдээлэл сурталчилгаа, Дөрөвт. Аяны залуусын болон мэргэжилтнүүдийн Чадавхийг бэхжүүлэхэд чиглэгджээ. Эдгээр хөтөлбөрийн хүрээнд бодлогын баримт бичгүүдэд нөлөөлөх, бодлого боловсруулагчдын хандлагыг өөрчлөх, бодлогын хэрэгжилтэд анхаарч байгаа юм. Мөн бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогч хүүхэд эмэгтэйчүүдийг цаашид амьдралд хөл тавихад нь сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж сэтгэл засал, урлагийн сэтгэл засал олон ажил хийдэг байна.

Тус ТББ болон аянд оролцогчид хийж хэрэгжүүлсэн ажлаа жил, сар улирлаар тодорхой танилцуулсан товхимолыг монгол, англи хэлээр хэвлүүлжээ. Эндээс тэдний хийсэн ажил, амжилт ололтыг харж болох юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД