Ц.Оюунбаатар Монгол Улсын Шадар сайд боллоо

2015 оны 09 сарын 08

Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Дөнгөж сая санал хураалт явуулж, 87,7 хувийн саналаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Оюунбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар томилох шийдвэрийг гаргалаа. Санал хураалтад 58 гишүүн оролцсон байна.


Цэрэндашийн Оюунбаатар: 1977 онд Улаанбаатар хотын Хууль цаазын дунд сургууль, 1984 онд Иванов хотын их сургууль, 1994 онд Москва хотын их сургуулийг хуульч, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Эрх зүйн болон бизнесийн магистр, доктор цолтой.

Ц.Оюунбаатар 1977-1979 онд Дорноговь аймагт сум дундын прокурор, 1984-1986 онд Завхан аймгийн прокурорын орлогч, 1986-1990 онд Завхан аймгийн прокурор, 1990-1992 онд Улсын прокурорын ерөнхий хяналтын газрын дарга, 1992-2008 онд Удирдлагын академид ахлах багш, дэд профессор, 1999-2000 онд "Талх чихэр" ХК-ийн ерөнхий захирал, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Говийг хөгжүүлэх төрийн бус байгууллагуудын дарга, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2008-2010 онд Улсын татварын ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байсан.

2012 оноос МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар 2014 оны 12 дугаар сар хүртэл УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллажээ.

Тэрбээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. Англи, орос хэлтэй.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД