Хогтой жалга байсан газрыг цэцэрлэгт хүрээлэн болгожээ

2015 оны 09 сарын 08

Хан-уул дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны “Эрүүл чийрэг Монгол хүн-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, усан ориглууруудыг шинээр байгуулж байгаа бөгөөд түүхт 50 жилийн ойгоо бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын олон ажлуудаар иргэддээ бэлэг барьж байна.

Захын хороолол тэр дундаа гэр хорооллын иргэд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломж бололцоо хомс заавал хотын төв рүү цаг заваа үрэн амарч зугаалж өнгөрөөдөг байсан цаг үе ард хоцорч байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ иргэд ялангуяа Яармаг, Нисэхийн хүүхэд, залууст зориулан 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хогтой жалга байсан газрыг өнгөрсөн 2014 оноос цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг эхлүүлж өчигдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааны нээлтэд ХУД-ийн ИТХ-ын дарга Батбилэг, Засаг даргын орлогч Т.Чингүнжав, С.Баасандолгор, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай болон бусад албаны хүмүүс, иргэд, хүүхэд залуучууд оролцсон юм.

Түүнчлэн тус цэцэрлэгт хүрээлэнгийн нийт төсөв өртөг 605 сая төгрөг бөгөөд гүйцэтгэгчээр “Тулга констракшн” ХХК ажиллаж хүүхдүүдийн тоглоомын талбай, саравч, бялдаржуулах төхөөрөмж, гэрэлтүүлэг зэрэг иргэдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн цэцэрлэгт хүрээлэнг бий болгож Хан-Уул дүүргийн өнгө үзэмжийг нэмэгдүүлсэн томоохон бүтээн байгуулалтыг иргэддээ хүлээлгэн өглөө.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Saihan buteelch ajil boljee. Ta buhnii ajild ulam ih amjilt husie.