Нато яаралтай хурал зарлалаа

2015 оны 07 сарын 27

НАТО-гийн ерөнхий нарийн бичгий дарга Йенс Столтенберг яаралтай чуулган зарлаж аюулгүй байдлын асуудлаар ярилцахаар болоод байгааг мэдэгдлээ.

 ISIL бүлгийн эсрэг тэмцэх ажиллагаанд саяхан нэгдсэн Турк улсад өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн удаа хорлон сүйтгэх ажиллагаа болж, цэрэг, цагдаагийн аминд хүрсэн юм. Ноён Йенс Столтенберг мэдэгдэл хийх үеэрээ НАТО-гийн 28 гишүүнийг багтсан Хойд Атлантын Зөвлөл Турк улсын хүсэлтийн дагуу яаралтай чуулган явуулахаар болоод байгааг мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Туркийн цагдаагийхан ISIL бүлэгтэй холбоотой байж болзошгүй хүмүүсийг баривчлах ажиллагааг явуулсан бол үүнийг эсэргүүцсэн жагсаал ням гарагт болсон байна. Мөн өнгөрсөн бямба гарагт Курд үндэстнүүд давамгайлсан Дияарбакир мужид цэргүүд бөөнөөрөө явж байх үеэр бөмбөг дэлбэрч, хоёр армийн албан хаагч амиа алджээ.

 Ийхүү Туркын аюулгүй байдал алдагдаж эхлэсэн учраас тус улсын засгийн газар баасан гарагт хоёр ч армийн ажиллагааг эхлүүлсэн аж. Сири улс дахь Лалын улс бүлгийн эсрэг ажиллагаанаас гадна Иракын хойд бүсээр төвлөрч байгаа Курдын дайчдыг эсэргүүцэх довтолгоог явуулахаа мэдэгдсэн юм. НАТО 1949 онд байгуулагдаснаас хойш хэд хэдэн удаа нэгдсэн ажиллагаанд оролцож байжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД