Гол мөрний усны түвшин бага байна

2015 оны 07 сарын 15

Монгол орны гол мөрний хур бороо, үерийн оргил үе гол төлөв долоодугаар сард ажиглагддаг боловч  энэ жилийн хувьд агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, зарим хугацаанд агаар хэт халах зэргээс шалтгаалан ихэнх нутгаар гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага байгаа аж.

 Энэ талаар ус цаг уурын орчны шинжилгээний газраас тодруулахад, “ Хөвсгөлийн уулсаас ихтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий болон Орхон голын дагууд, мөн Хангай нурууны араас эх авсан Идэр, Чулуут, Суман Алтайн нуруунаас усжих Ховд, Булган, Сагсай голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-50 см бага, харин Сэлэнгэ мөрний дагууд, Хэнтэй нуруунаас усжих Хэрлэн, Туул, Хараа, Ерөө голуудын усны түвшин олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага, түүний орчим байх төлөвтэй байгаа ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх төлөвтэй байна. Түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай  сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна” гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД