Монголчуудаа “БРАВО”

2015 оны 07 сарын 15

Үндэсний их баяр наадам болж монголчууд дэнж хотойтол сайхан наадацгаасан бол өнөөдрөөс ажил албандаа шамдах цаг боллоо. Наадмын амралтын өдрүүдэд иргэдийн ихэнх нь хөдөө орон нутаг руу аялалд гарч, монгол орныхоо сайхныг бахдан өнгөрүүлэх сонирхол жил ирэх бүр улам нэмэгджээ. Хөвсгөл аймгийн Хатгал сум гэхэд л дотоод, гадаадын жуулчдаар дүүрч, зам нь түгжирч, АТМ нь мөнгөгүй болж, тэр орчмын дэлгүүрүүдийн бараа дууссан гэх мэт яриа тархсан юм. Улаанбаатар хотод байгаа нь хөдөө явсан хэдийгээ цаашлуулж “Та нар л түгжрэл үүсгээд байсан юм байна наанаа үлдээрэй” гэхчилэн хошигнож суусан сурагтай.

Харин монголчуудын баяр наадам тэмдэглэхтэй зэрэгцэн хогны асуудал толгойны өвчин болдог гэхэд хилсдэхгүй. Энэ асуудлыг улиг болтол нь ярьдаг ч зугаацсан газраа хогоо хаяад явдаг хэнэггүй монгол зан бидний заримд хэвээр л байгаа. Гэсэн хэдий ч агаар салхинд гарч, гол усанд шумбаж, амарч яваа монголчуудын сэтгэхүйд асар их өөрчлөлт гарч буйг нүдээрээ харсан болохоор сайшаамаар, бүр алга ташмаар санагдсан юм.

Наадмын амралтын өдрүүдээр туул голын эргийг зорилоо. Нийслэлийг тойрсон голын хөвөө дагуух эрэг амрагч, аялагчдаар дүүрэн байсан юм. Багтах зайгүй чихэлдэн машиндаа суусан ч хөдлөөд явахад ард нь нэг ширхэг ч хог үлдэхгүй байгааг харах сайхан байлаа. Монголчууд хог хаяхаас ичдэг болчихож. Ухамсар дорой хүмүүс нь хогоо тэр чигт нь орхиод явахад тэр газар нь дараагийн буудалласан хүмүүс цэмцийтэл цэвэрлэчихээд явах юм. Гол усаа хайрлаж, хогоо хаяхаас татгалзаж, бусдадаа үлгэр дууриалал үзүүлж буй тэдгээр залуусаар бахархъя. Монголчууд аа “БРАВО”.

 “Hog bucket challenge”-д нэгдэцгээе

Нэг хэсэг “Ice bucket challenge" буюу мөстэй ус хувингаар толгой дээрээ асгаж сайн үйлст нэгнийгээ уриалж байсныг санаж буй биз ээ. Тэгвэл энэ удаа залуус “hog bucket challenge” буюу нэг хүн гурван шуудай хог түүх аяныг эхлүүллээ. Харин уг аяныг олон залуус дэмжин оролцож хогоо хаяхгүй байхыг уриалж буй юм билээ.

“Яаж гурвын гурван шуудай хог түүх вэ дээ” хэмээн халшрах хэрэггүй. Улаанбаатар хотоос жилд дунджаар 500-600 мянган тонн хог хаягдал гардаг хэмээх судалгааг 2014 онд гаргажээ. Тэгвэл нэг хүнд дунджаар 430 килограмм хог ногдож байгаа юм. Өлгийтэй хүүхдээс эхлээд өвгөд хөгшид хүртэл нэг бүрчлэн тооцоход л ийм байна. Тэгвэл гурван шуудай хог бол ердөө л 20 минутын ажил. Олон хүн хамрагдах тусам хотын хог хөнгөрөх учраас энэ аяныг санаачилсан залуусыг шагнамаар санагдах юм . Хог хаягдлын 36 хувь нь хүнсний хаягдал, 22 хувийг пластик материал буюу хуванцар сав, гялгар уут эзэлдэг. Өөрөөр хэлбэл жилд дунджаар 132 мянган тонн хуванцар сав, гялгар уутыг манай улс гадаадаас импотлон авч, хог болгон хаядаг гэсэн үг.

Мөн нийслэлд үүсч байгаа хог хаягдлын 50 орчим хувийг дахин боловсруулах боломжтой хог хаягдал эзэлдэг. Одоогийн байдлаар ийм төрлийн үйл ажиллагаа явуулах ганц ч үйлдвэр байхгүй нь харамсалтай ч байгаль дэлхийд хор болгож хаяхгүй байх ухамсар бидэнд түүнээс илүү чухал билээ. Хэн нэгнээс хараат бус өөрсдийнхөө үзэл бодлоор цахим ертөнцөд нэгдсэн эдгээр залуус зүгээр нэг нэгдэж, бүлэг болох бус нийтийн сайн сайхны төлөө хийж чадаж байгаа нь талархууштай үйлдэл юм. Цахим ертөнц хөгжсөн учраас тэдний энэ үлгэр жишээ үйл хэрэг маш олон хүнд зөв суртал, ухуулга болох нь мэдээж биз ээ.

Харин одоо машины цонхоор тамхины ишээ хаяж, нус, шүлсээ гудамж талбайд хаяхаа больчихвол ч...

Гудамжинд зөрөн өнгөрөхдөө жишим ч үгүй нусаа пир хийтэл нийчихээд сийх ч үгүй дээгүүр харан алхалж буй хүмүүстэй Улаанбаатарт олон тааралдана. Тамхины утаа баагиулан, машиныхаа цонхоор татсан тамхиныхаа ишийг шидчихээд араас нь шүлсээ хаяж буй иргэн ч зөндөө. Зурагт, радиогоор хогоо хаяхгүй байхыг хэчнээн уриалаад нэмэр болсон зүйл алга. Нийслэлээс журам гаргаж хэрэгжүүлэх гээд ч газар авахгүй.  Тэгвэл одоо яах вэ?. Цэвэрч Улаанбаатарчууд болохын тулд хүн бүр өөрсдөөсөө эхлэн зөв үйлдэлд өөрийгөө болон өрөөлийг уриалж, сэтгэхүйгээ өөрчлөх л хамгийн чухал аж. Цахим ертөнцөд орж хэн нэгний амьдралыг тохуурхаж суух бус дээрх залуусаас үлгэр дуурайлал авч сардаа нэг биш юм гэхэд улиралд нэг удаа нэгдэн хотынхоо хогноос цэвэрлэж, гол усаа хамгаалахыг уриалж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.24.79 Mgl humuus uuur bolj bn. Herlen goliin huveend hogoo hayahgui avaad yavdag bolson baina lee. Hayad yavbal zurgiig ni avaad tavina daa humuus odoo. Gar utas bas zugeer uimaa social media ch bas
112.72.13.151 Та юу гэж бодож байна ...байгальд очих болгондоо 3-5 уут хог цуглуулж хаяж бсн,сайхан амарсан бол хогоо аваад явах естой
43.242.243.57 Энэ мөчийг олон жил хүлээлээ дээ.. Нас гүйцэхгүй нь л гэж бодож байлаа.. Толгойны хог арилж эхэлж байна. Түүдэг нь олон болсон нь сайн чиг... Түүлэгдэггүй нь олон болох ч өдий байна даа....
150.129.143.215 Байгальд амрахдаа байгалаа гомдоох гутаахаасаа ичих хэрэгтэй сайхан амарсан бол бусдад ч гэсэн сайхан амрах орчинг үлдээж хогоо цэвэрлэж хог үлдээхгүй салхинд гарцгаая монголчуудаа. Дэмжиж байна. Шатааж болох хогоо гал алдахгүйгээр шатааж болохгүйг нь авч явах хэрэгтэй
202.131.234.243 Та юу гэж бодож байна ...сайн байна