Насанд Хүрэгчдийн “Б” зэрэглэлийн УАШТ өнөөдөр эхэллээ

2015 оны 06 сарын 29

Сагсан бөмбөг сонирхогч залуусын дунд 2015 оны Насанд Хүрэгчдийн “Б” зэрэглэлийн УАШТ өнөөдөр Хан-Уул дүүргийн спорт зааланд эхэллээ. Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг энэхүү тэмцээнд сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуус өргөн хүрээтэй оролцдог юм. 

Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 29 баг, эмэгтэй 8 баг өрсөлдөж байна. Хөдөө орон нутгаас Хэнтий, Сүхбаатар, Эрдэнэт, Дархан зэрэг аймгуудаас оролцож байгаа бол Нийслэлээс Багануур, Налайх дүүргээс багууд хүрэлцэн иржээ. Мөн Спрайт Супер Лигийн хүчирхэг багууд болон Хөгжлийн лигээс ч багуудын төлөөлөл байгаа нь өрсөлдөөнийг улам ширүүн болгож байна.

Энэ тэмцээнээс шалгарсан шилдэг 8 баг цаашид наймдугаар сард болох “А” зэрэглэлийн УАШТ-нд оролцох эрхээ авдаг. “А” зэрэглэлийн УАШТ-нд Үндэсний Супер Лигийн баг тамирчид шууд оролцох эрхтэй бөгөөд “Б”-н Улсын Аваргаас шалгарсан баг тамирчдад, дээд лигийн шилдэг тамирчидтай хурд хүчээ сорин, тоглох боломжыг олгодог юм.

Өнгөрсөн жилийн “Б” зэрэглэлийн УАШТ-нд ИНЕГ-н баг түрүүлж байсан бол, "Мон Магнет" баг мөнгөн медаль, "Хасу Мегаватт" баг хүрэл медаль хүртэж байсан юм.

Тэмцээний аварга, алт, мөнгө, хүрэл медальтнууд энэ бүтэн сайн өдөр буюу долоо дугаар сарын 5-нд тодорно. Үүний дараагийн шат буюу “А” зэрэглэлийн УАШТ ирэх наймдугаар сард болох юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД