Өвөлдөө нэмэлт халаалттай, зун сэрүүцүүлэх сэнстэй угсраа автобус үйлчилнэ

2015 оны 06 сарын 26

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд "Цахилгаан тээвэр" ХХК угсраа автобусыг үйлчилгээнд гаргахаар болсон юм.

Тэгвэл өнөөдөр  18 метрийн урттай угсраа автобусыг өнөөдөр албан ёсоор Беларусийн талаас хүлээн авлаа.

Ирэх сарын нэгнээс нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилгээнд гарах эдгээр автобуснууд 38 суудалтай бөгөөд 120 хүн багтах боломжтой юм байна. Беларусь улсын Маз компаниас нэг бүрийг нь 400 сая төгрөгийн өртөгөөр худалдаж авч байгаа аж.

20 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн хэдий ч одоогийн байдлаар 17 автобус оруулж иржээ.

Угсраа автобусны давуу тал нь өвөлдөө нэмэлт халаалттай, зундаа сэрүүцүүлэх сэнстэй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд саадгүй зорчих боломжтой юм байна

Үйлчлүүлэгчид том оврын автобусны адил 500 төгрөг төлж зорчино.

 МАЗ компанийн сургалтад хоёр жолооч, дөрвөн инженер хамрагдсан бөгөөд эдгээр хүмүүс техникт гарах урсгал засварыг хийж гүйцэтгэх юм байна. Угсраа автобус ирэх сарын 1-нээс Таван шар-Офицеруудын ордон, Офицеруудын ордон-Таван шар гэсэн чиглэлд явах юм байна.

Автобус хүлээлцэх арга хэмжээнд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Чепурнойг, МАЗ компанийн төлөөлөл, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах ажлын хэсгийн ахлагч Н.Гантөмөр нарын албаны хүмүүс оролцлоо.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД