Орос болон Монголын цэрэг Бээжингийн парадад оролцоно

2015 оны 06 сарын 26

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойг тохиолдуулан ирэх есдүгээр сард Бээжин хотод зохион байгуулах парадад БНХАУ-ын зэвсэгт хүчнийхний хамт Орос болон Монголын цэрэг оролцоно гэж Хятад улсын Засгийн газар мэдэгдлээ. Одоогоор, Орос болон Монгол уг парадад зэвсэгт хүчнийхнээ оролцуулах анхны гадаад улсууд болоод байна.

БНХАУ уг парадад тийм ч олон улсыг урихаар төлөвлөөгүй ч уг дайны үеэр Хятадын цэргүүдтэй хамт тулалдаж байсан Барууны холбоотнуудынхаа төлөөлөгчдийг мөн урьж магадгүй.

Тус улсын дарга Си Зиньпин Европт дайн дууссанаас хойш 70 жил өнгөрснийг тохиолдуулан Оросын нийслэл Москва хотод өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан парадад оролцсон билээ. Харин Барууны удирдагчид Украины хямралтай холбогдуулан Москвагийн парадад оролцохоос татгалзсан юм.

Бээжингийн Тяньаньмэний талбайд болох цэргийн парадын урилгад “тодорхой тоо”-ны улсуудын армийнхан хэдийн хариу өгсөн гэж БНХАУ-ын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ян Южунь хэллээ.

Эрх баригч Коммунист намын албаны хүний мэдэгдсэнээр, Хятад болон Оросын хооронд хавчуулагдан оршдог Монгол Улсын цэргийн 75 албан хаагч Бээжингийн парадад оролцох аж.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД