Ялалтын талбайд 14-18 цагийн хооронд ном хандивлахыг уриаллаа

2015 оны 06 сарын 24

“Наран мөрөөдөл” ТББ, “Итгэл сэтгэлийн гүүр” сан, “Номтой нөхөрлөе” клубын залуус хамтран Монгол Улсын хэмжээнд байгаа 25 хорих ангид хүргэх “Харанхуйн гэрэл” сэдэвт ном хандивлах аян зарлаад сар гаруй хугацаа өнгөрсөн аж.

Одоогийн байдлаар 2018 ширхэг ном цугларсан бөгөөд хоёр сар үргэлжлэх юм байна.

Өнгөрсөн тавдугаар сарын 17-ноос эхэлсэн аянд ардын уран зохиолч П.Бадарч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо болон Я.Отгонбаяр, Ц.Нүүдэл Б.Шүүдэрцэцэг нарын яруу найрагч, зохиолчид нэгдэн номоо хандивласан бол Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэн Ц.Мягмардорж энэ аянд зориулж 1 сая 600 мянган төгрөгийн ном худалдан авч хорих ангид өгсөн байна.

2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын залуучуудын холбоо хамтран олон ном уншсан хүмүүжигчийн ялын хугацаанаас тодорхой хоног хасч, хөнгөлөх журмыг баталгаажуулах зорилготой хүүхдийн хорих ангийн 411, 415 дугаар анги дээр уг аяныг хэрэгжүүлж байгаа аж.

Аяныг зохион байгуулагчид, иргэдийг тус аянд нэгдэж нийгмээс тусгаарлагдсан хүмүүст номын хандив өргөхийг уриалсан юм. Ням гараг бүр Ялалтын талбайд 14-18 цагийн  хооронд  зохион байгуулагчид иргэдээс ном хүлээн авч байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД