Орост авсан эдийн засгийн хориг арга хэмжээг сунгана

2015 оны 06 сарын 23

Орост авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ зургаан сараар сунгахаар Европын Холбоо /ЕХ/ албан ёсоор шийдлээ. ЕХ-ны гишүүн 28 улсын гадаад хэргийн сайд нар даваа гарагт Люксембургт уулзан энэ шийдвэрийг гаргажээ.

Тэд ирэх сарын 31-нд дуусахаар байсан хориг арга хэмжээний хугацааг ирэх оны нэгдүгээр сарын эцэс хүртэл сунгахаар тохиролцсон байна.

Сайд нарын мэдэгдсэнээр, Украины зүүн нутагт байлдааны ажиллагаа үе үе үргэлжилж байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргажээ.

Украины Засгийн газар болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүдийн хооронд энэ оны хоёрдугаар сард байгуулсан гал зогсоох хэлэлцээр бүрэн хэрэгжихгүй байна гэж сайд нар хэлэв.

ЕХ хориг арга хэмжээний хүрээнд Оросын засгийн газрын харьяа банкуудыг Европын санхүүгийн зэх зээлд үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан билээ.

ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, “Украины зүүн нутгийн аюулгүй байдал сайжрахаас нааш хориг арга хэмжээг цуцлахгүй” гэжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД