21 аймагт галын аюулаас сэргийлэх сургалтын төв байгуулна

2015 оны 06 сарын 23

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нийт 5 асуудал хэлэлцэх байсан ч эхний хоёр асуудлын хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Тодруулбал, Дотоодын цэргийн тухай болон Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, түүнд холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг салбарын сайд ирээгүй гэх шалтгаанаар хойшлуулсан юм. Үүний дараагаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж эцэст гишүүд энэ удаагийн хэлэлцүүлгийг дэмжлээ.

Мөн хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүүгээс хуулинд орж буй голлох өөрчлөлтийн талаар тодруулахад “Одоо үйлчилж буй Галын тухай хууль нь 1999 онд батлагдсан. Үндсэндээ 16 жил үүргээ сайн гүйцэтгэсэн хууль байгаа юм. Өмнөх хууль нь байгууллагын үйл ажиллагааны хууль байсан. Үүнийг гал унтраах, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэл рүү нь оруулж өөрчилж байгаа юм. Хоёр дахь шинэлэг санаа нь Монгол Улс өнөөдөр 360 гаруй сумтай. Үүний 90 хувьд нь нэгж байдаггүй. Тэгэхээр нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд нь гал унтраах үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн үг. Шинэчилсэн хуулиар сайн дурын хэсэг байгуулна. Мэргэжлийн сургалтыг онцгой байдлын байгууллагаас хийх юм. Мөн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах ажилд төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлснээрээ энэ хуулийн онцлог болж байна” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ галын техникийг хилээр оруулж ирэхдээ хяналтын байгууллагын шалгалтад хамруулахгүйгээр хуулинд тусгасан нь ямар учиртайг тодруулж байсан. Үүний хариуд ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, "Сүүлийн үед чанартай чанаргүй галын тоног төхөөрөмж орж ирж байна. Хэн дуртай нь галын багаж зэвсэг оруулж ирдгээс гал унтраах болохоор ажилладаггүй" гэсэн бол ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү, "Гал түймэр унтраах мэргэжлийн тусгай тоног төхөөрөмжийг оруулж ирэхдээ бусад байгууллага дүгнэлт гаргах шаардлагагүй. Гамшиг судлалын хүрээлэнд итгэмжлэгдсэн лаборатори байдаг. Үүний дүгнэлтийг үндэслээд онцгойгийнхон оруулж ирж байх юм" гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД