”Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” энэ сарын 19-нд өндөрлөнө

2015 оны 06 сарын 18

Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран "Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл"  арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Үндэсний статистикийн хороо “Ногоон хөгжлийн үзүүлэлт, ногоон ажлын байр” сэдэвт салбар хуралдааныг удирдан явуулсан юм.

Үндэсний Статистикийн хорооны дарга С.Мэндсайхан хурлыг нээж Ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлт, ногоон ажлын байрны үзүүлэлтийг боловсруулах ажлын явцыг дүгнэх, ТХЗ-ын үзүүлэлт, чадавхийг бэхжүүлэх хэрэгцээ шаардлагыг хэлэлцэхэд чиглэж буйг онцоллоо.

Ногоон хөгжлийн үзүүлэлтийг тооцоход статистикийн байгууллагын үүргийн талаар ҮСХ-ны МЭЗСГ-ын дарга Э.Эрдэнэсан, Монгол Улсын Ногоон хөгжлийн үзүүлэлт болон МУ-д ногоон ажлын байрыг тодорхойлох туршилт судалгааны талаар МЭЗСГ-ын статистикч Д.Оюунбилэг нар илтгэл тавьж, хэлэлцүүлэв. Түүнчлэн Ногоон эдийн засгийн үзүүлэлтийн олон улсын чиг хандлагын талаар НҮББОХ, Технологи, үйлдвэрлэл, эдийн засгийн газрын Ногоон эдийн засгийн зөвлөгөө өгөх үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Асад Навки, Ногоон ажлын байрны олон улсын туршлагын талаар ОУХБ, Байгаль орчин, зохистой хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн Луррайн Виллакорта нар мэдээлэл хийж,  хуралд оролцогчдын асуултанд хариуллаа. 

"Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл" арга хэмжээг энэ сарын 19-нд өндөрлөнө.