Солонгос, Монголын зохиолчдын эрхийг хамгаална

2015 оны 06 сарын 17

Монгол Улс, БНСУ-ын зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллагууд хамтран ажиллах “Харилцан төлөөлөгчийн гэрээ” байгууллаа. 

Тодруулбал, БНСУ-ын хөгжмийн зохиолчийн эрхийг хамгаалах холбоо /КОМСА/-г төлөөлж КОМКА-гийн олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Ди Жэй Сан,  Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/-ийг төлөөлж тус холбооны гүйцэтгэх захирал, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нар өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа.

MOSCAP, КОМСА нь Хөгжмийн зохиолч, яруу найрагчдын зохиогчийн эрхийг хамгаалах олон улсын холбоо /CISAC/-ны гишүүн байгууллага юм.

Талууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар Монгол, БНСУ-ын хөгжмийн зохиолч, яруу найрагчдын зохиогчийн онцгой эрх хамгаалагдах эрх зүйн орчин буй болж байгаа аж.

Монгол Улсын нутаг дэвсгэрт Өмнөд Солонгосын хөгжмийн зохиолчдын дуу хөгжмийн бүтээлийн зохиогчийн онцгой эрхийг хамгаалах, тэдгээр бүтээлийг ашиглуулах зөвшөөрлийг зөвхөн MOSCAP олгох юм. Үүнтэй адилаар БНСУ-ын нутаг дэвсгэрт монголын уран бүтээлчийн дуу, хөгжмийн зохиогчийн эрхийг КОМСА хамгаалах юм байна.

Монгол Улсад хөгжмийн үгтэй болон үггүй бүтээлийн зохиогчийн онцгой эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллага болох MOSCAP нь Хөгжмийн зохиолч, яруу найрагчдын зохиогчийн эрхийг хамгаалах олон улсын холбооны гишүүн орнуудтай хамтын ажиплагаагаа ийнхүү өргөжүүлж буй нь ялангуяа Ази, Номхон далайн бүс нутагт Монголын уран бүтээлчдийн зохиогчийн онцгой эрх, оюуны өмчийг хамгаалах ажлын шинэ эхлэл болж байгааг уран бүтээлчид хэлж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД