Улаанбурхан өвчний дэгдэлт орон нутагт ч гарсаар байна

2015 оны 06 сарын 17

Энэ оны гуравдугаар сараас Улаанбаатарт эхэлсэн улаанбурхан өвчний дэгдэлт орон нутагт ч гарсаар байна.  Увс аймгийн хувьд улаанбурхан өвчний 22 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд үүнээс 13 нь Улаанбаатар хотоос ирсэн оюутнууд, үлдсэн нь халдвар авсан хүмүүсийн гэр бүлийнхэн болон эмчилгээ сувилалд явж ирсэн хүмүүс аж. Одоогоор хүндэрсэн тохиолдол байхгүй байна.

Улаанбурханаар өвчилсөн тохиолдолд халуурах, нүдны салст үрэвсэх, хамраас нус гоожих, ханиалгах, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Мөн өвчин хүндэрсэн үед дээрх шинж тэмдгүүд дээр нэмэгдээд нүүрнээс эхлэн толбот-гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд доошилсоор бүх биеэр гардаг байна. Иймээс эдгээр шинж тэмдгүүд илэрвэл нэн яаралтай Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хандахыг аймгийн ЭМГ-аас зөвлөж байна. 
Энэ сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол өссөн дүнгээр 16287 бүртгэгдэж судалгаа хийгдсэн ба үүнээс 723 нь лабораториор баталгаажсан, 2795 нь эмнэлзүйгээр оношлогдсон аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД