Монголд үйлдвэрлэв “Мон-ланс”

2015 оны 06 сарын 17

Өндөр хөгжилтэй оронд үйлдвэрлэл хамгийн сайн хөгжсөн байдаг. Монгол Улсыг дэлхийд таниулах ганц гарц бол үндэсний үйлдвэрлэл. Бид өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах хэрэгтэй. Харин яаж?

 Монголчууд өөрсдөө хэрэглэгч нь байхад л хангалттай. Таны өмнө цэвэр арьс болон боловсруулсан арьсаар хийсэн, загвар, үнийн хувьд ижил хоёр цүнх байвал алийг нь сонгох вэ? Мэдээж цэвэр арьс гэж хариулах биз. Гэвч үгүй. Цэвэр арьсан цүнх Монгол үйлдвэрийнх болохоор нэг их онц санагдахгүй. Гадаадынх л байвал юм бүхэн бидэнд сайхан. Тэр дундаа урд хөршийнхөө чанартай, чанаргүй барааг хэрэглээд аль хэдийнэ заншчихсан улс. Харин одоо бид өөрчлөгдөх цаг болсон. Эдийн засгийн хямрал дэлхий нийтийг хамраад буй энэ үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, аль болох дотоодын хэрэглэгч байх нь чухал. Тэгвэл монголчууд Эрээний бараа хэрэглэж эхэлсэнтэй зэрэгцэн 1990 оноос эхлэн Монголд үндэсний үйлдвэрлэл эхлэх цэгээ тавьсан гэж хэлж болно. Гэвч чанар бус хэлбэр, өнгөнд хууртсан монголчууд үндэсний үйлдвэрлэл гэхээсээ илүү урд хөршийн найдвартай түнш байсаар өдийг хүржээ. Монголчууд загваргүй, бүдүүн баараг юм хийдэг хэмээх бодлыг толгойноосоо арчиж хаяцгаа. Загварлаг, чанартай, өнгө үзэмж сайн, хаана ч бариад явахад бардам байх арьсан эдлэлийг төрөл бүрээр нь монголчууд хийж чаддаг болжээ. Төр засгаас дэмжлэг харж зүгээр суугаагүй өнөөдрийг хүртэл хөдөлмөрлөж ирсэн үндэсний үйлдвэрлэгч Монголд цөөнгүй. Тэдний нэг “Мон ланс” арьс, ширэн бүтээгдэхүүн үйлвэрлэгч компанийн хамт олныг энэ удаагийн “Монголын гэгээ” буланд онцолж байна.

1991 онд Н.Сүхээ гэх залуу эхнэрийн хамт боловсруулсан арьс, шир авч үзэгний сав, түрийвч, чихмэл тоглоом, түлхүүрийн оосор гэх мэт зүйлсийг гэртээ гараар хийж эхэлснээр энэ үйлдвэрийн түүх, тэдний амжилтын гараа эхэлсэн юм билээ. Нэг зорилгын төлөө тэмүүлсэн хөдөлмөрч гэр бүлийн бизнес жил ирэх бүр улам хөгжиж, тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар гэр хоршооллоос Монголд томд тооцогдох, 13-р зууны үеийн арьсан эдлэлийн мужааны багажаар нэрлэсэн “Мон-ланс” үйлдвэрийг байгуулж чаджээ.

Түүний эхнэр Д.Баасан савхин эдлэлийн компанид зохион бүтээгч байсан бөгөөд бүтээгдэхүүнийхээ бүх загварыг өөрөө гаргадаг юм билээ. Анх хоёулахнаа байсан бол одоо 40 гаруй ажилтантай өнөр гэр бүл болсон. Бүх ажилчдаа сургаж авдаг бөгөөд нэг бүтээгдэхүүнийг эсгэхээс эхлээд эцсийн дамжлага хүртэл нь нэг хүн хийж бэлэн болгон гаргадаг аж.


 Нэг өдөрт 2000 гаруй бүтээгдэхүүн гаргаж зах зээлд нийлүүлдэг бөгөөд 2003 онд Үндэсний бүтээмжийн дээд шагнал хүртэж байсан мундаг хамт олон. Харин бүтээгдэхүүний материалын хувьд арьс шир боловсруулан гаргадаг “Мон-Ирээдүй”, “Дархан нэхий” зэрэг компаниас авдаг аж.


Бидний эдэлж, хэрэглэж буй бүх зүйлийг арьсаар хийж болох аж. Түлхүүрийн оосор, түрийвч, цүнх, гэрийн шаахай, ажлын гутал, хүүхдийн үүргэвч, дэвтрийн хавтас, тэлээ бүс, анчны иж бүрдэл, арьсан зураг гээд юу хүснэ тэр бүгдийг нь өнгө загварын өргөн сонголттой хийж чадах мундгууд. Арьсан эдлэлийн үйлдвэрээс хаягдал огт гардаггүй аж. Жижигхэн тасархайг ч эвлүүлж оёоод л ямар нэг хэрэгтэй бүтээгдэхүүн болгочихдог юм билээ.


Эднийх европын холбооны улс болон Казакстан, Солонгос, ОХУ-д Монголын нэрийг гаргасан брэнд бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг бөгөөд энэ жил Япон улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, жижиг дунд үйлдвэрлэлд Монгол Улс хөрөнгө оруулалт авч чадвал өөр олон орон руу бүтээгдэхүүнээ гаргах боломж бүрдэх аж.

“Мон-Ланс” компани арьс, шир, савхиар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна засварын үйлчилгээг хийдэг юм билээ. Мөн даавуугаар ч таны хүссэн загварын бүтээгдэхүүнийг урлаж өгнө. Хийхгүй, чадахгүй юм байхгүй энэ хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд ч олон ажил хийдэг юм билээ.


Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэг загварын дүрэмт хувцастай байх Боловсролын тухай хуульд зааж өгсөн. Үүний дагуу өнгөрсөн жилээс сурагчийн дүрэмт хувцсыг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. Тэгвэл эдний хамт олон Монголд үйлдвэрлэсэн арьсан цүнхээр сурагчдыг ижилсүүлэх саналтай байгаа аж. “Эцэг эхчүүд хүүхдэдээ нэг хичээлийн жилд хоёроос гурван цүнх авч өгөх шаардлага гардаг. Харин Монголд үйлдвэрлэсэн арьсан цүнхийг дор хаяж хоёр жил хэрэглэх боломжтойг туршилтаар баталсан. Загварын хувьд ямар ч байж болох юм. Ярилцаад л шийдчихнэ. Харин үнэ нь ижил байх юм. Энэ мэтээр үндэсний үйлдвэрлэлээ монголчууд өөрсдөө дэмжин, хэрэглэгч нь байх юм бол дэлхийд Монголын нэр цуурайтахад ойрхон байна” хэмээн “Мон-Ланс” компанийн захирал Н.Сүхээ хэлж байлаа.

Хоёр жил барьсаны дараа

“Мон-Ланс” үйлдвэрийн хамт олон цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бусад компанитайгаа хамтран илүү олон төрлийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах зорилготой бөгөөд монголчуудын хэрэглээг 100 хувь дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангаж, Монгол брэндийг дэлхийд таниулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Монголчууд чадаж байгаа зүйлийг яагаад бид гаднаас авах ёстой гэж. Цэвэр хөдөлмөрийнхөө үр дүнд хөл дээрээ боссон энэ мэт үйлдвэрээ төрөөс дэмжихэд юу нь болохгүй гэж. Монголчууд өөрсдөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжин хэрэглэгч нь болж, гадныханд сурталчлах нь хамгийн чухал биз ээ.

Г.Оюунтогтох

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.184 Та юу гэж бодож байна Эсгий улавчаар дэлхийг хангая гэж бодож байна
114.111.167.119 mongold hetsuu jum aa uildverlel demjdeg jum uu yagaad bagad l bsan jum odoo bj l baidag bna aa hiij l baidag hurdhan ter huseed bgaa japan ni orj ireed hogjuuleesei
114.111.167.119 гадаадад гарга, гаргаад л байдаг гэсэн ш дээ
  • 2015 оны 09 сарын 20
114.111.167.119 Sviss ees heden esgii tavchiknii zurag ugch yvuulay haygaa ugchoh ted dizain saitai hiideg ym sanaa avaach
  • 2015 оны 06 сарын 25
114.111.167.119 Монголын үйлдвэрүүд таавчиг түрийвчнээс хэтрэхгүй хорин жил боллоо. Жижиг үйлдвэрийн үзэсгэлэн гарлаа, очоод үзлээ, бөөн эсгий таавчиг.
  • 2015 оны 06 сарын 25
114.111.167.119 монгол хэл зүйг битгий завааруулаад бай
  • 2015 оны 06 сарын 24