Өмнөд Солонгос ”Мерс” вирусын эсрэг 50.5 тэрбум вон зарцуулна

2015 оны 06 сарын 16

Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусийн халдварын тархалттай тэмцэхэд тусгай сангуудын хөрөнгийг ашиглахыг Өмнөд Солонгосын Засгийн газар зөвшөөрчээ. Энэ зорилгоор 50.5 тэрбум вон буюу 45.2 сая доллар гаргалаа гэж тус улсын Сангийн яамны мэдээлсэн байна.

Дээрх мөнгөөр зайлшгүй шаардлагатай эмнэлгийн материалууд болон тоног төхөөрөмжүүд худалдаж авахаас гадна титэмт вирусийн халдвар аваагүй өвчтөнийг хүлээн авахын тулд хэд хэдэн эмнэлгийг өөрчлөн засахад зарцуулах аж. Дээрх мөнгөнөөс мөн вирусийн халдвартай тэмцэхэд оролцож байгаа эмнэлгийн ажилтнуудад тусгай тэтгэмж олгохоос гадна гэртээ тусгаарлагдахаас аргагүйд хүрсний улмаас дийлэнх нь амьжиргаандаа зарцуулах мөнгөгүй болсон 5200 гаруй хүнд дэмжлэг үзүүлэхэд зарцуулна.

Одоогийн байдлаар Өмнөд Солонгост 154 хүн титэмт вирусийн халдвар авснаас 19 нь нас баржээ.