Галын аюулгүй байдлын тухай хуулийг шинчилнэ

2015 оны 06 сарын 12

Дэлхийн цаг уурын өөрчлөлт, хотжилт, барилгажилт, үйлдвэржилт, уул уурхайн техник технологийн хөгжил зэрэгтэй холбоотой өнөөгийн нийгмийн харилцааны хөгжил, эрэлт хэрэгцээ, хуулийн төсөл боловсруулахад хийсэн судалгаа зэргээс харахад Галын аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлага гарч байна.

Тиймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Мөн гал түймрийн эрсдэл жил тутам өсөн нэмэгдэж, сүүлийн 3 жилд объектын гал түймэр 9105 удаа гарч төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчид 18,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Гал түймрийн улмаас 224 хүн амь насаа алдаж, 155 хүн түлэгдэж гэмтэн, 5289 барилга, орон байр шатсан байна. Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хангах талаарх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, галын аюулын эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тавигдаж байна хэмээн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.

Хэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Энэ хуулийн төслийг өмнө нь УИХ-аар хэлэлцэж байсан. Тухайн үед УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй олон санал гарсан тул хуулийн төслийг эгүүлэн татсан. Ингээд гишүүдийн саналыг нэмж тусгаад дахин өргөн барьсан. Тухайн үед гишүүдийн хэлсэн бүх саналыг тусгасан тул анхны хэлэлцүүлгээр батлах бүрэн боломжтой” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Энэ хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэж батлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Саяхан зүүн бүсэд гарсан гал түймэр, Төрийн ордонд гарсан гал зэрэгт хэн ямар хариуцлага хүлээх талаар огт ярихгүй байна. Төрийн ордонд гал гарахад дохиолол ч дугараагүй. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх гарц болох энэхүү хуулийг батлах нь туйлын чухал юм” гэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.4 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД