Дорноговьчууд гурвалжин будаа тариална

2015 оны 06 сарын 12

Дорноговь аймгийн ЗДТГ, Япон Улсын Шизүока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд өчигдөр Шизүока мужийн Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн хэлтсийн  хөдөө аж ахуй, цай  үйлдвэрлэл, тариалан эрхлэлтийн  газрын дарга Киёохиро Коикэ тус аймагт ажиллалаа.

Энэ үеэр тэрбээр аймгийн төвөөс дөрвөн км-ийн зайд орших талбайд говийн хөрсөнд гурвалжин будаа тарьж ургуулах заавар зөвлөгөө өгч, туршилтын тариалалт хийлээ. Ноён Киёохиро Коикэ хэлэхдээ энэхүү будааг ургуулахдаа тариалах хугацаа, усны зохистой хэмжээ, мөн тоос хүртээх хорхой шавж гэсэн гурван асуудалд анхаарах хэрэгтэй гэв. Мөн үеэр аймгийн ЗДТГ-ын ХАА-н газрын мэргэжилтэн Л.Гантулга ийм төрлийн будааг тариалж байсан туршлагаасаа хуваалцсан юм. Тэрбээр гурвалжин будааг ургуулах боломж бий, гэхдээ ноён Киёохиро Коикэгийн хэлдэгчлэн усалгаанд анхаарч тариалалтаа хийх хэрэгтэйг хэллээ. Түүнчлэн нэгэнт тарьж ургуулсан тохиолдолд хураах техникийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарна гэв. Тус аймагт өмнө нь ганц нэг газар гурвалжин будаа тарьж байсан ч зах зээлд нийлүүлэх хүртэл хэмжээнд тариалж байгаагүй аж.

Япон Улсыг гурвалжин будаагаар хангагч нь БНХАУ-ын ӨМӨЗО гэнэ. Сүүлийн үед Өвөрмонголоос нийлүүлэх уг будааны нийлүүлэлт буурч байгаа тул туршилтын журмаар эхний ээлжинд япончууд өөрсдийн хөрөнгөөр 100 орчим кг үр оруулж ирсэн байна. Үүний 4/1-ийг Дорноговь аймагт, үлдсэн хэсгийг нь Сэлэнгэ аймагт тариалж үр дүнг нь харахаар төлөвлөжээ. Япон мэргэжилтний хэлж байгаагаар энэ будаа үржил шим багатай хөрсөнд ургалт сайтай байдаг. Иймд тус бүс нутагт япон үрээр тарьсан будаа ургах бүрэн бололцоотой гэж тэд үзэж байна. Учир нь Өвөрмонголын уур амьсгал манай орны говийн бүсийнхтэй ижил төстэй учраас тэд найдлага тавьжээ. Дорноговь аймгийн ЗДТГ, Япон Улсын Шизүока муж дөрвөн жилийн өмнөөс хамтран ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд хоёр орны иргэдийг харилцан зорчуулж, туршлага судалж ирсэн. Энэ харилцаа энэ жилээс өргөжиж худалдаа, эдийн засгийн шинжтэй болж байгаагийн нэг илрэл нь туршилтын журмаар тарьж буй гурвалжин будааны тариалалт  болж байна. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга П.Ганхуяг болон будааны тариалалтыг сонирхсон 20 гаруй иргэн оролцож, туршлага судаллаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.106.149 amjilt husie