Олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурал Монголд болно

2015 оны 06 сарын 11

Улаанбаатар хотноо “Pio-2016” спортын өндөр амжилт ба бодит хүчин зүйлүүд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурал энэ сарын 12,13,14-нд цуврал арга хэмжээг зохион байгуулна.

Монгол Улсын Биеийн тамир, спортын хөгжлийн бодит хүчин зүйлд их спорт, өндөр зэрэгтэй тамирчид болон тэдний залгамж халаа болсон өсвөрийн тамирчдыг бэлдэх асуудал зүй ёсоор орж байна. Энэхүү бага хурлаар спортын сургалт-дасгалжуулалтын онол, арга зүй, технологи, сонголт олон жилийн сургалт- дасгалжуулалтын төлөвлөлт уралдаан тэмцээний тогтолцоо, спортын сэтгэлзүйн чиглэлээр асуудал дэвшүүлсэн цуврал хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Уг цуврал арга хэмжээг ЭМСЯ-ны Биеийн тамир, спортын хөгжлийн төв /БТСХТ/, Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/, Монголын үндэсний олимпийн академи хамтран зохион байгуулна. Маргааш буюу баасан гарагт “Pio-2016”: Спортын өндөр амжилт ба бодит хүчин зүйлүүд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурал Улаанбаатар зочид буудлын “Их хүрээ” хурлын танхимд болно.

Бямба гарагт “Спортын сургалт-дасгалжуулалтын онол, арга зүй, технологи ба спортын сэтгэл зүй” сэдэвт олон улсын сургалт-семинар ЭМСЯ-ны хурлын танхимд болох бол ням гарагт үндэсний шигшээ баг, клуб, спортын сургууль, спортын тодорхой төрлийн багш, дасгалжуулагч нарт хувьчилсан зөвлөгөө, зааварчилгаа өгч чөлөөт ярилцлагыг Спортын төв ордонд зохион байгуулна.

Эдгээр арга хэмжээг ОХУ-ын Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн спортын сэтгэл зүйн секторын эрхлэгч, ОХУ-ын спортын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Олон улсын сэтгэл зүйн Академийн жинхэнэ гишүүн /академич/, доктор, профессор В.Ф.Сопов, ОХУ-ын Үндэсний олимпийн хорооны олимпийн бэлтгэлийн төвийн секторын эрхлэгч доктор, профессор В.П.Черкашин нар удирдан явуулах юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД