Хүнд хөдөлмөрт нухлуулж буй хүүхдүүдийн судалгааг гаргажээ

2015 оны 06 сарын 11

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийнхөн эрхэлж тоглож, эрдэм сурах насандаа хүнд хөдөлмөрт нухлуулж буй хүүхдүүдийн судалгааг  гаргажээ. Энэ хүрээнд  тус төвөөс “Хүүхэд бол бидний ирээдүй” өдөрлөгийг зохион байгууллаа.

Тэдгээр хүүхдүүдийн асран хамгаалагчийг Хөдөлмөрийн хэлтсийн хяналтанд авч, тохирох хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, үйлчилгээнд хамруулах зорилготой цуврал арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулав. 

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж дээр дооргүй хангалттай их ярьдаг ч нийслэлд зах, худалдааны төвүүд, машин угаалгын газрууд, бараа бүтээгдэхүүн ил задгай зарах цэгүүд, төвлөрсөн хогийн цэгүүдэд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн тоо буурахгүй байгаа аж. Тиймээс тус төвийнхөн хоёр сарын хугацаанд нийслэлийн зургаан дүүрэг дэх томоохон худалдааны төв, зах, хог хаягдлын цэгүүдэд тандан судалгаа хийжээ. Уг судалгаагаар нийтдээ 150 хүүхэд эдгээр газарт хөдөлмөр эрхэлж буйг илрүүлсэн бөгөөд тэднээс  30 хүүхдийг өнөөдрийн өдөрлөгт оролцуулав. Өдөрлөгөөр хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ирээдүйд нь тус болох хэрэгтэй олон мэдээллийг өгсөн юм. Мөн Лааны тосон музей, Үндэсний түүхийн музей, Богд хааны музей үзүүлэн үйлдвэр аж ахуйн газартай танилцуулахын зэрэгцээ амттай хоолоор дайлж, хувцас, хичээлийн хэрэглэл гээд хэрэгтэй зүйлсийг нь бэлэглэсэнд хүүхдүүд баяртай байв.

 “Хүүхэд бол бидний ирээдүй” өдөрлөгийн үеэр ХЭҮСМҮТ-ийн тэргүүд дэд захирал Л.Амгалан ярихдаа, “Бид ийм өдөрлөгийг ганцхан удаа хийх гэж байгаа юм биш. Үргэлжлүүлэн зохион байгуулна. 150 хүүхдээ бүгдийг нь нэг дор цуглуулчихвал арга хэмжээний маань үр өгөөж багасаж шоу болж хувирна гэж үзсэн. Тиймээс зорилтот бүлгээр нь хуваагаад ээлж ээлжээр нь авчрах юм. Энд ирсэн хүүхдүүд зүгээр л хоол идээд, бэлэг аваад явахгүй. Эмчид үзүүлэхээс гадна ирээдүйдээ хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг сонсох юм” гэлээ.

Зах, худалдааны төвүүдэд ажиллаж байгаа хүүхдүүд ихэвчлэн тэрэг түрэх, цайны газарт туслах, ширхэгийн хоол борлуулах, мах зөөх, нохойн хоол зардаг байна. Мөн сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд машин угаалгын газруудад ажиллах болжээ. Харин бага насны хүүхдүүд ихэвчлэн машины үнэртүүлэгч зардаг байна. Хогийн цэг дээр ажиллаж байгаа хүүхдүүд хог хаягдал ангилж ялгах,  гадуур явж ундааны сав, лааз цуглуулдаг хэмээн албаныхан онцлов.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД