Шизүока мужийн туршлагаас хуваалцав

2015 оны 06 сарын 11

Япон Улсын Шизүока мужийн төлөөлөгчид Дорноговь аймгийн Сайншанд суманд ажиллаж байна. Аймгийн Засаг дарга П.Ганхуяг Шизүока мужийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Яги Тошихиро тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 онд Япон Улсад хийсэн айлчлалын хүрээнд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг Шизүока мужтай найрамдалт харилцааны гэрээнд гарын үсэг зурснаар хоёр талын хамтын ажиллагаа эхэлсэн юм. Уулзалтын эхэнд Засаг дарга П.Ганхуяг хоёр талын ажилтан ажиллагсад, сурагч багачууд харилцан зорчсоноор найрамдалт харилцаа хязгаарлагдаагүй гэдгийг тэмдэглээд өнөөгийн судалгааны түвшинд яваа олон салбарын ажлуудыг ажил хэрэг болгоход анхаарал хандуулж ажиллана гэдгээ хэллээ. Үүний хариуд Гадаад харилцааны хэлтсийн дарга Яги Тошихиро өнгөрсөн хугацаанд талууд олон салбарт амжилттай хамтарч ажилласан гэдгийг онцлоод хамтын ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун явдгаа илэрхийлэв.

Өнөөдрийн уулзалтын үеэр ийнхүү хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтаа дүгнэж цэгнэсний зэрэгцээ цаашид хэрхэн хамтарч талаараа харилцан санал солилцлоо. Мөн найрамдалт харилцаа тогтоосны 4 жилийн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх тал дээр тохиролцоонд хүрэв. Дорноговь аймаг-Шизүока муж хамтарч ажилласан энэхүү хугацаанд жил бүр ойгоо тэмдэглэж ирсэн байна. Өнгөрсөн жил буюу Шизүока мужтай найрамдалт харилцааны гэрээ байгуулсны 3 жилийн ойг Японд тэмдэглэхэд тус аймгийн 70 сурагч, 28 бизнес эрхлэгч, 6 багш нийт 100 гаруй төлөөлөгч оролцжээ. Харин энэ жил буюу 4 жилийн ойг Сайншанд хотноо ирэх 8 дугаар сарын 5-6-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр болж, Шизүока мужийн дарга болон багш сурагчдын төлөөллийг хүлээж авахаар тогтлоо.

Хамтын ажиллагаатай Шизүока мужид өнгөрсөн хугацаанд Дорноговь аймгийн 173 сурагч, 12 багш, 60 гаруй  албан хаагч, бизнес эрхлэгч болон хувийн хэвшлийн 200 гаруй хүн, нийт 400 гаруй төлөөлөгч Япон Улсаар туршлага судлаад ирсэн байна. Одоогийн байдлаар энэ аймаг Шизүока мужаас гадна Болгар Улс, БНСУ-ын Ульсан хот, Австрали улсын Куинсланд муж, Буриадын Иволгын муж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот, Дарханмуумянган хошуу, үйлдвэрлэлийн томоохон бүс нутаг болох Бугат, Ордос хотуудтай хамтарч ажиллаж байна. Түүнчлэн Зүүн хойд Зүүн хойд Азийн бүс нутгийн Засаг захиргаадын холбооны гишүүн байгууллагаар хамтран ажиллаж байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД