Хятад улсын өсвөр насны хүүхдүүд согтууруулах ундаа их хэрэглэж байна гэв

2015 оны 06 сарын 09

БНХАУ-ын Хүнс судлалын үндэсний хүрээлэн болон Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв уг судалгааг 2013-2014 онд явуулжээ. Судалгаанд 12-20 насны бага болон ахлах сургуулийн 30605 сурагч оролцсон байна. Бээжин, Шанхай, Гуанжоу, Харбин, Зинань, Чөнду зэрэг зургаан хотоос хүүхдүүдийг сонгон судалгаанд оролцуулжээ.

Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 51 хувь нь согтууруулах ундаа амсаж үзсэн бол 15 хувь нь согтож үзсэн байна. Амсаж үзсэн хүүхдүүдийн 62 хувь нь үдэшлэг дээр байнга уудаг бол 53 хувь нь гэр бүлийн оройн хоолны үеэр уудаг ажээ.

"Бага насны хүүхдэд согтууруулах ундаа худалдах нь БНХАУ-д хориотой хэдий ч дүрэм журмын талаарх нарийн мэдээлэл дутмаг учраас хуулийг хэрэгжүүлэх хүндрэлтэй байдаг. Харин АНУ-д согтууруулах ундаа худалдан авахдаа үнэмлэх үзүүлэх шаардлагатай байдгийн зэрэгцээ худалдагчдыг дүрэм, журмаа дагахад хүргэх хатуу шийтгэлтэй байдаг" гэж Бээжингийн их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн профессор Ма Гуаньшөн мэдэгдэв.

Согтууруулах ундаа хэрэглэснээс болж гарах үр дүнгийн талаар өсвөр насныхан мэдлэг багатайн улмаас хэрэглээ нь газар авсаар байна. Мөн өндөр чанарын архи эсвэл дарс эрүүл мэндэд муу нөлөөгүй, эсвэл шар айраг уух нь ус ууж байгаатай адил гэж олон хүүхэд боддог байна гэж судалгаанд дурджээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД