Монгол улс соёлын өвөө тоолж бүртгэнэ

2015 оны 06 сарын 06

Энэ онд Монгол улс соёлын өвөө тоолж бүртгэнэ. Бүртгэл тооллогын ажил Дундговь аймагт эхлээд байна. Өнөөдрийн байдлаар Сайнцагаан сумын нутаг дэвсгэр дээрхи түүх соёлын үл хөдлөх дурсгалыг тоолж дуусах гэж байгаа боловч цаашид бүртгэл тооллогыг хэвийн үргэлжлүүлэхэд төсөв санхүү шийдэгдэхгүй байгаа нь бэрхшээл учруулж байгааг музейн захирал С.Бямбажав хэллээ.

Түүх, соёлын дурсгалаа тоолж бүртгэн, шинээр илрүүлэхэд ажлын хэсэг 3.6 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд үүнийг шийдэж өгөх тухай албан тоотыг аймгийн Засаг даргад өгч, асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлцэн шийдвэрлэх хариуг Засаг даргаас хүлээн авсан байна. Гэвч Санхүү төрийн сангийн хэлтсээс салбарын хуулийг хэрэгжүүлэхэд Засаг дарга хөрөнгө гаргах ёсгүй гэдэг байр суурьтай байгаа нь соёлын өвийн бүртгэл тооллого явуулахад багагүй бэрхшээл болж байгаа гэлээ.

Төсөв санхүү харж ажлаа хойш тавилгүйгээр шатахуунаа зээлж аваад ажлын хэсэг Сайнцагаан сумаас бүртгэл тооллогыг эхлүүлсэн нь энэ бөгөөд одоогийн байдлаар 5-6 дурсгал шинээр нээн илрүүлээд байгааг аймгийн музейгээс мэдээлсэн юм. Төсөв санхүүгийн асуудлыг ирэх долоо хоногт аймгийн Засаг даргад дахин уламжлахаар болжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД