“Хавдрын эсрэг хамтдаа” аян Сүхбаатар аймагт үргэлжилнэ

2015 оны 06 сарын 04

Хавдар судлалын үндэсний төв, МҮОНТ, ХААН банк хамтран 5 дэх жилдээ зохион байгуулж байгаа “Хавдрын эсрэг хамтдаа” аяныхан зургаадугаар сарын 18-23-ны өдөр Сүхбаатар аймагт ажиллах  юм байна.

Аяны хүрээнд  аймгийн Нэгдсэн эмнэлгийн  амбалуторын тасгаар эмэгтэйчүүд, дүрст оношлогоо, дотор, хавдрын ерөнхий  болон толгой хүзүүний мэс засал зэрэг 8 чиглэлээр нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийхийн зэрэгцээ иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, хавдраас урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгааг зохион байгуулах  юм байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд хавдрын өвчлөл ихэссэн нь манай улсыг ч тойроогүй бөгөөд жилдээ манай улсад 4000-аад хүн шинээр хавдартай гэж оношлогддог статистик тоо байдаг байна. Уг аяныг орон нутагт өрнүүлснээр хөдөөгийн иргэдэд эрүүл мэнддээ анхаарал тавих боломж бүрдэхийн дээр эрт илрүүлэгийн тоо нэмэгдэх сайн талтай байна.