Америкчуудын цахим харилцаа холбооны мэдээллийг Обама цэнзүүртэй болгоно

2015 оны 06 сарын 04

Америкчуудын цахим харилцаа холбооны мэдээллийг нийтээр нь цуглуулахыг хориглосон хуульд тус улсын Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зуржээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жоү Эрнест мягмар гарагийн орой мэдээлсэн байна.

“АНУ-ын эрх чөлөөний тухай хууль” гэж нэрлэсэн уг баримт бичгийг урьд нь тус улсын Конгрессын Сенатын танхимын гишүүд 67 хувийн саналаар баталжээ. Харин төлөөлөгчдийн танхим тавдугаар сард баталсан байна.

Энэ хуулийн талаар тусгай мэдэгдэл хийхдээ Обама Конгрессын гаргасан шийдвэрийг  зөв буулт гэж үнэлэн сайшаасан байна. Дээрх баримт бичиг нь “хувийн амьдралд үл халдах байдлыг хангах болон иргэдийн эрх чөлөөг сахин мөрдөх боломж олгох бөгөөд аюулгүй албаныханд америкчуудыг хамгаалахад шаардлагатай чухал хэрэгсэл болно” гэж Барак Обама онцлон дурджээ.

“АНУ-ын эрх чөлөөний тухай хууль” нь Үндэсний аюулгүй байдлын цахим мөрдлөгийн программыг ихээхэн хязгаарлаж байгаа боловч бүрэн хориглоогүй байна. Тухайлбал, шинэ хуульд  үйлчилгээ үзүүлэгч компаниудаас иргэдийн харилцааны холбооны мэдээллийг дур мэдэн татахыг тусгай албаныханд хоригложээ. Энэ мэдээллүүдийг корпорациудын архивт хадгалах ёстой бөгөөд ҮАБ, Холбооны тагнан мөрдөх товчоо эсвэл бусад байгууллагууд мэдээлэл авахын тулд шүүхээс тусгай зөвшөөрөл авах ёстой байна.

Үүнээс гадна, асар олон тооны мэдээлэл өгөгдлүүдэд хайлт хийх ажиллагааны журмыг чангатгасан байна. Терроризм болон гэмт хэрэгтнүүдтэй тэмцэхэд нь үнэхээр шаардлагатай зөвхөн тэр мэдээллийг тусгай албаныхан авах явдлыг хангахын тулд энэ журмыг чангатгажээ.

АНУ-ын тусгай албаны цахим хэрэгслүүдийн тусламжтайгаар үйл ажиллагааны мэдээлэл цуглуулах тогтолцоог шинэчлэх ажлыг Обама тус улсын ҮАБ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг нууц материалуудыг дэлгэсний дараа олон нийтийн шахалтаар эхлүүлсэн байна. Сноудены хэвлэлүүдэд өгсөн мэдээлэл ноцтой дуулиан дэгдээж, АНУ-ын Засгийн газар болон тус улсын холбоотнууд хоорондын харилцааг хүндрүүлсэн юм. Гадаадын хэд хэдэн улсын төрийн тэргүүн нар Америкийн тусгай албаныхны цахим мөрдлөгт өртсөн нь тодорхой болсон билээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД