Чингис хааны нэрэмжит талбайд ”Венийн үдэш” цэнгүүн хийнэ

2015 оны 06 сарын 03

"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар Вена хотуудын соёлын хамтын ажиллагааны нэг томоохон арга хэмжээ болох "Венийн үдэш" цэнгүүнийг хоёр дахь удаагаа энэ сарын 5-нд 17 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна.

Уг үйл ажиллагаанд Австри улсын Вена хотын албаны төлөөлөл болон удирдаач, бүжгийн багш, хөгжимчдөөс гадна Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын Симфони оркестр, Улсын филармоний Симфони оркестр, Нийслэлийн Улаанбаатар чуулгын "Хангарьд" үндэсний найрал хөгжим, Хүүхэд Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын үлээвэр хөгжмийн хамтлаг, Зэвсэгт  хүчний  жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим болон Улаанбаатар бүжгийн Спортын холбоо, Монголын Нийтийн бүжгийн холбооны бүжигчид оролцож байгаагаараа онцлог юм.

"Венийн үдэш" цэнгүүнд И.Штраусын бүтээлүүдээс гадна “Уран хас”, “Дурлалын вальс”, “Миний Улаанбаатар” зэрэг Монголын сонгодог вальс хөгжим эгшиглэх болно. Монголын урлагийн шилдэгүүд нэг дор цугларах энэхүү "Венийн үдэш" цэнгүүний ерөнхий удирдаачаар Австри улсаас Маттhias Fletzberger, Монгол улсаас УГЗ Н.Бүтэнбаяр, УГЗ Н.Туулайхүү,  удирдаач Д.Нямдаш, Ч.Төмөрбат нар оролцоно. Ерөнхий найруулагчаар Нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллаж байна.

Нийт 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони оркестр, вальс бүжгийн 100 хос, нийтийн бүжиг, вальс бүжиг сонирхогч олон зуун хүмүүсийг нэгтгэсэн энэхүү гайхамшигт үдэшт таныг  хүрэлцэн ирэхийг урьж байна гэж Нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД