Фронт С.Цэгмидийг гавъяат малчин цолоор шагнуулах тухай санал хүргүүлжээ

2015 оны 06 сарын 03

Ард түмэндээ фронт хэмээн нэрлэгдсэн Сайхан-Овоо сумын иргэн С.Цэгмидийг Монгол Улсын гавъяат малчин цолоор шагнуулах тухай саналыг аймгийн ИТХ- аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлжээ. 

С.Цэгмид гуай 1941 онд 18 настайдаа Монгол улсын сайн малчин цолыг маршал Х.Чойбалсангаас гардан, анхны сайн малчдын нэг болж, хөдөлмөрийн гавъяаны одон зүүж явсан. 1942 онд Дундговь аймгийнхаа гал голомтыг асаалцаж, тулгын чулууг тавилцан, энэ аймгийнхаа 30 мянган ардыг төлөөлөн эх орны дайны фронтод монголын ард түмний бэлгийг хүргэлцэж явсан түүхэн хүн юм.
Тэрээр Монцамэ агентлагт өгсөн ярилцлагадаа “Би 1923 онд төрсөн. 6 нас хүрмэгцээ л мал аж ахуйн хөдөлмөрт суралцаж, 8 настайгаасаа 60 хүртлээ эмнэг тэмээ сургаж явлаа. 1962 оны цас зудын гамшгаар 50 шахам ботгоо 6 ханатай гэртээ оруулж эсэн мэнд авч үлдэж байсан үе ч бий. 18 настайдаа Монгол улсынхаа анхны сайн малчдын нэг болж, Хөдөлмөрийн гавъяаны одонг маршал Х. Чойбалсан энгэрт минь зүүж өгсөн нь өдийг хүртэл мал аж ахуйгаасаа хөндийрөлгүй хөдөлмөрлөх урам зоригийг бадраасан юм. Малчин бол хамгийн сайн дээд мэргэжил.Одоо би Монгол улсынхаа гавъяат малчин гэдэг эрхэм алдрын эзэн болохсон гэж хүсдэг. Энэ бол миний 90 шахам жил мал аж ахуйгаа орхилгүй явсан хөдөлмөрийн маань үнэлэмж болно” хэмээн сэтгэгдэл дэлгэсэн удаатай.
Эх орны дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан ИТХ- ын тэргүүлэгчид дээрхи шийдвэрийг ийнхүү гаргажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД