Дорноговь аймаг “Хүүхдээ дээдэлье” уриан дор “Эх үрсийн баяр”-ыг тэмдэглэлээ

2015 оны 06 сарын 03

Монголын мянга, мянган ээжүүд, хүүхдүүдийн эрхэм баяр болох “Эх үрсийн баяр”-ыг энэ удаа Дорноговь аймаг “Хүүхдээ дээдэлье” уриан дор аймгийнхаа  төв талбайд   өргөн дэлгэр тэмдэглэлээ. Энэ өдөр  Сайншандад цаг агаар нэн тааламжтай, дуу хуур, уралдаан тэмцээн, инээдэм наргиа дүүрэн байсан бөгөөд бяцхан сурагчид ардын ягуур урлагийн бүтээлээс сонирхуулж, говь нутагтаа алдартай “Говийн уянга” хамтлаг бүжгийн уран үзүүлбэрийг үзүүлсэн юм.  

Баярын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид болон бусад албан хүмүүс оролцож  хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлснээс гадна сурлага спортод өндөр амжилт гаргасан хүүхэд багачуудад гарын бэлэг гардуулсан юм. Дорноговь аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөлөөр Ази тивийн зуун буудалт даамын алтан медальт, Сайншанд сумын Ерөнхий боловсролын  нэгдүгээр сургуулийн “3В” ангийн сурагч Н.Налжормаа шагнуулсан бол ОХУ-ын Буриад Улсад зохиогдсон монгол туургатны урлагийн их наадмаас хүрэл медаль хүртсэн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн “Уран дэг” бүжгийн хамтлагийг “Авьяас” медалиар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн зөвлөлийн тэргүүн Н.Оюун-Эрдэнийг  “Сайн үйлс” медалиар тус тус шагнасан билээ.     

Зүүнбаянгийн  шилдэг “Ээжүүд “ тодров

Дорноговь аймгийн Сайншанд  сумын дөрөвдүгээр баг буюу Зүүнбаян тосгоны Засаг даргын Ажлын албанаас “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан  үйл ажлаараа манлайлагч таван ээжийг тодруулан шагнаж урамшууллаа. Хүүхдийн эрүүл мэндийг дэмжигч ээжээр Сум дундын эмнэлгийн  З.Очгэрэл, боловсролыг дэмжигч ээжээр зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хаагч   С.Сэлэнгэ, спортыг дэмжигч ээжээр зэвсэгт хүчний 336 дугаар ангийн алба хаагч Б.Мөнхцэцэг, урлагийг дэмжигч ээжээр мөн зэвсэгт хүчний  336 дугаар ангийн алба хаагч Ж.Болортуяа, нийгмийн оролцоотой ээжээр Шатахуун түгээх станцын ажилтан Б.Март нар шалгарсан аж.  “Эх хүүхдийн баяр”-ыг тэмдэглэх өдрөөр хүүхэд бүрийг баярлуулах,  хүүхдүүдэд туслах,  бусдыг хайрлах хүндэтгэх үзлийг хүүхдүүдэд төлөвшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор  Зүүнбаянгийн Ерөнхий боловсролын сургууль, долдугаар цэцэрлэг, Хот тохижилтын алба, Сум дундын эмнэлэг, Зэвсэгт хүчний 336 дугаар анги, “Хаан” банк, “Чандмань-Илч” ОНӨҮГ, Соёлын төв, Залуучуудын холбоо зэрэг байгууллагууд идэвх, зүтгэл гарган оролцсон байна.

Алдарт эхийн одонгоор 141 ээж шагнууллаа

Зургадугаар сарын 01-нд болсон “Эх үрсийн баяр”-аар үр хүүхдээ эрүүл саруул өсгөж хүмүүжүүлж, боловсрол мэдлэг олгож байгаа Дорноговь аймгийн 141 ээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар   алдарт эхийн одонгоор  шагнагдсаныг албаны хүмүүс гардууллаа.  Үүний найман ээж “Алдарт эх I” одонгоор шагнуулсан билээ.  Харин Сайншанд сумын 52 эх шагнагдсанаас “Алдарт эх I” одонгоор таван ээж, “Алдарт эх II” одонгоор  47 эх шагнуулсан юм. Алдарт эхийн одонгоор  шагнуулсан ээжүүдэд зориулж  Сайншанд  сумын Хүүхдийн ордны “Говийн уянга” хамтлаг мэндчилгээ дэвшүүл уран бүтээлийнхээ дээжээс сонирхуулсан байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД