ХСҮТ-ийн ажлын хэсэг Төв аймагт ажиллаа

2015 оны 05 сарын 30

Хавдрын эрт илрүүлэлтийг нэмэгдүүлж, өвчлөгсөдийн тоог бууруулах зорилготой ХСҮТ-ийн ажлын хэсэг Төв аймгийн аймгийн Нэгдсэн эмнэлэгт гурав хоног ажиллаж нийт 940 орчим хүнийг үзлэг оношилгоонд хамруулаад байна.

Хавдрын мэс засал, элэг, цөс, нойр булчирхай, эмэгтэйчүүд, толгой, хүзүүний мэс засал, дурангийн хэт авиа оношилгоо зэрэг 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 5 сарын 25-28-ны хооронд ажиллахдаа эхний өдөр 215, хоёр дахь өдөр 289, гурав дахь өдөр 437 хүнд үзлэг оношилгоо хийжээ. Эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар үзлэг оношилгоонд хамрагдагсдын тоо өдөр ирэх бүр нэмэгдсээр байна. Гэхдээ дэлхий нийтийн жишгээс үзэхэд 40-өөс дээш насныханы өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа учраас энэ хүмүүсийг түлхүү хамруулахыг зорьж байна гэв.

Аян хоёр дахь жилдээ болж байгаа бөгөөд өнгөрсөн жил 500 гаруй хүн хамрагдаж есөн тохиолдол илэрсэн бол энэ удаад 1000 гаруй хүнийг хамруулах урьдчилсан тооцоо байгаа юм. Тус аймагт жилд 180 орчим хүн хорт хавдараар өвчилдөг аж. Улс орон даяар тав дахь жилдээ болж буй “Хавдрын эсрэг үндэсний аян” Орхон, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Төв, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Говь-Алтай, Увс, Ховд зэрэг 12 аймагт болох юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД