956 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлжээ

2015 оны 05 сарын 27

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож  эхэлсэнээс хойш нийт 956 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлжээ. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 899 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 45 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-4, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-9/, 12 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна. Өнөөдрийг хүртэл цахим хэлбэрээр 1686 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 965 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. Үүнээс Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан үзэж 234 тусгай зөвшөөрөл шинээр олгосон ба тусгай зөвшөөрөл олгох боломжтой 496 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлээд байнаа аж.
Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу 2014 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд долоон удаагийн  сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтын дүнд 34 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Өнөөдрийн байдлаар нэр бүхий найман талбайд огт санал ирүүлээгүй, ирүүлсэн санал нь “үнэлгээний баримт бичиг”-т заасан  шаардлага хангаагүй  тул АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлээд байна.