“Earth Simulator” компютерийн хурдыг 10 дахин өсгөжээ

2015 оны 05 сарын 27

Японы зохион бүтээсэн “Earth Simulator” супер компьютер байгалийн гамшгийг дуурайлгах хангалттай хурдтай болсон байна.

Японы Далай-дэлхийн шинжлэх ухаан, технологийн агентлаг уг суперкомпьютерыг 13 жилийн өмнөөс ашиглаж эхэлснээсээ хойш хоёр удаа шинэчилжээ. “Earth Simulator” суперкомпьютер секунд тутамд 1.3 квадриллион тооцоолох үйлдэл хийх чадвартай болсон байна. Энэ нь өмнөх загвараас 10 дахин хурдан болсон гэсэн үг юм.

Нагояа их сургуулийн профессор Казухиса Цубоки өчигдөр тус компьютерын байгалийн гамшгийг дуурайлган үзүүлэх чадварыг харуулсан байна. Өнгөрсөн жил Вануату улсын Өмнөд Номхон далайн арлуудыг дайран өнгөрсөн хүчтэй хар салхи болон 1959 онд Японыг дайран өнгөрсөн тайфун хар салхины хүч болон замыг профессор дахин бий болгож үзүүлжээ.

Түүний хэлснээр, уг төхөөрөмж нь аварга том тайфун хэрхэн бий болдог болохыг үнэн зөв дуурайлган харуулахын зэрэгцээ иймэрхүү гамшгийн үр дагаврыг урьдчилан таамаглахад уг төхөөрөмжийг ашиглаж болох ажээ.

Үүнээс гадна Токиогийн их сургуулийн профессор Масахидэ Кимото дэлхийн дулаарлын нөлөөллийг судлах төлөвлөгөөний талаар тайлбарласан байна. Тэрбээр, 20 зууны хоёрдугаар хагастай харьцуулахад ирэх 60 жилд агаарын температур Цельсийн дөрвөн хэмээр нэмэгдэнэ гэсэн таамаглалд суурилан 90 өөр төрлийн хувилбарыг манай баг тооцоолж байна гэв.

Ховор тохиолддог байгалийн гамшгийн нөлөөллийг судлахдаа аль болох олон тооцоолол хийх хэрэгтэй бөгөөд үүнийг энэ шинэ компьютер хийж чадна гэдгийг Кимото дурдав. Мөн тэрбээр, баттай мэдээллийг эрх баригчдад өгөх нь дэлхийн дулааралтай тэмцэх тодорхой бодлого гаргаж ажиллахад тус болох юм гэв.