Монголын кино урлагийнхан шилдгүүдээ тодруулна

2015 оны 05 сарын 27

Кино урлагийн шилдгүүдийг  тодруулдаг “Академийн дээд шагнал-2015” наадам ирэх сарын 7-нд Шангрила зочид буудалд болох гэж байна.

Монголын үндэсний кино урлагийн академиас тав дахь жилдээ зохион байгуулж буй уг наадам нь кино урлагийг хөгжүүлэх, тус салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, киногоор дамжуулан үндэсний онцлог соёл, түүхийг олон нийтэд таниулах, нийгмийг соён гэгээрүүлэх зорилготой  аж. Түүнчлэн энэ жил кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болох бөгөөд нийт 18 номинацийн эзнийг шалгаруулах юм. Тодруулбал,

  1. Шилдэг кино зураг авалт
  2. Шилдэг эрэгтэй гол дүр
  3. Шилдэг эрэгтэй туслах дүр
  4. Шилдэг эмэгтэй гол дүр
  5. Шилдэг эмэгтэй туслах дүр
  6. Шилдэг кино найруулагч
  7. Шилдэг зураглаач
  8. Шилдэг зураач
  9. Шилдэг хөгжим

10. Шилдэг дуу

11. Шилдэг монтаж

12. Шилдэг дууны найруулагч

13. Шилдэг зохиол

14. Шилдэг дүрсний эффект

15. Шилдэг нүүр будалт

16. Шилдэг баримтат кино

17. Шилдэг хөрөнгө оруулагч

18. Шилдэг богино хэмжээний кино гэсэн номинациуд эзнээ хүлээж буй аж.

Тус наадамд өрсөлдөх бүтээлүүд нь 2014 оны зургаадугаар сарын 10-наас энэ оны зургаадугаар сарын 1-ний хооронд нээлтээ хийсэн монгол уран бүтээлчдийн бүх төрлийн кино оролцож шилдгүүд тодрох юм байна.

“Кино урлагийн салбарт хөл тавьсан бүх уран бүтээлчдэд энэхүү наадам чухал ач холбогдолтой. Мөн уг наадмыг жил бүр хийснээр Монголын кино урлаг хэрхэн өсөн дэвжиж, ямар шатанд явж байгаа вэ гэдгийг харах боломж бүрдэж байгаа юм. Зохион байгуулалтын хувьд жил ирэх бүр сайжирч, оролцогчдын тоо нэмэгдэж байгаад баяртай байна” хэмээн МУСГЗ, кино найруулагч Х. Дамдин ярилаа.  Тус наадмын ерөнхий шүүгч, Төрийн соёрхолт, СГЗ Б.Балжинням “Юуны өмнө энэхүү наадамд өрсөлдөж байгаа нийт уран бүтээлчиддээ баяр хүргье. Энэ жил урьдныхаас илүү өргөн хүрээтэй зохион байгуулагдаж байгаа болохоор шилдэг номинацийн эзэд маш олон шалгуур давж тодорно. Кино хийнэ гэдэг амар ажил биш. Маш олон уран бүтээлч нэгдэж , олон сарын хүч хөдөлмөр шингэсэн байдаг юм. Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхэд энэхүү наадам чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байна” гэсэн юм.

Дашрамд дурдахад, Уг наадамын зочдоор урлагийн алдартай уран бүтээлчдээс гадна спорт, улс төрийн төлөөлөл болсон эрхэмүүд уригдан оролдог бөгөөд “Үргээлэг” кино 2014 оны гранпри шагналыг хүртэж байжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД