АНУ, Турк хоёр Сирийн босогчдод агаараас дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ

2015 оны 05 сарын 27

АНУ, Турк хоёр Сирийн босогчдод агаараас дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ. Энд “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэхэд сургаж бэлтгэхээр Вашингтон болон Анкарагийн эрх баригчид өнгөрсөн хоёрдугаар сард тохиролцсон босогчдод агаараас дэмжлэг үзүүлэх тухай яригдаж байгаа тухай Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу мэдээлжээ.

Түүний хэлснээр, нисгэгчгүй аппарат ашиглах эсэх нь босогчдоос шалтгаална. “Энэ бол техникийн асуудал. Агаараас дэмжлэг үзүүлэх асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн” гэж тэрбээр тайлбарласан байна.

АНУ-аас санхүүжүүлж буй сургалтын хөтөлбөрт Сирийн зэвсэгт сөрөг хүчний 15 мянган төлөөлөгч гурван жилийн хугацаанд хамрагдах төлөвтэй байна. Тэднийг Турк, Саудын Арави болон Катарт бэлтгэж сургах бөгөөд энэ төсөл нь 500 сая долларын өртөгтэй байна.