Ким Жөн Ун баллистик пуужин бүтээхэд оролцсон багийг хүлээн авав

2015 оны 05 сарын 27

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун баллистик пуужин бүтээхэд оролцсон батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарын эрдэмтэд, технологичид болон ажилтнуудтай хамт зургаа авахуулсан тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлж байна. Уг баллистик пуужинг тавдугаар 9-нд шумбагч онгоцноос харважээ.

“Шумбагч онгоцноос баллистик пуужин харвах технологи боловсруулсан нь Ким Ир Сен болон Ким Жөн Ирийн Солонгосын сүр хүчийг дэлхий дахинд харуулсан бас нэгэн түүхэн үйл явдал боллоо” гэж Умард Солонгосын удирдагч онцлон тэмдэглэсэн байна.

Дээд командлагчийн хувиар тэрбээр уг пуужинг бүтээгчдэд “Солонгосын Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 70 жилийн ойд стратегийн энэ хүчирхэг зэвсгээр маш сайхан бэлэг барьсанд” талархаж буйгаа илэрхийлжээ.

Шумбагч онгоцноос баллистик пуужин харвасан туршилтыг Умард Солонгост амжилттай болсон гэж үзжээ. Тус улсын хэвлэлүүдийн мэдээллээр, уг пуужинг маршал цолтойгоор улсынхаа Зэвсэгт хүчнийг удирддаг Ким Жөн Уны өөрийнх нь санаачилгаар бүтээжээ. Тавдугаар сарын 9-нд тэрбээр шумбагч онгоцноос пуужин харвах туршилтыг биечлэн ажигласан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД