Орос-Украйны хилийн зурвасыг бэхжүүлжээ

2015 оны 05 сарын 27

Ростов мужид хилчид Орос-Украйны хилийн зурвасыг бэхжүүлсэн тухай ОХУ –ын Холбооны Аюулгүй байдлын газрын Бүс нутгийн хилийн удирдах газраас уламжилсныг “Российская газета “сонин өнөөдрийн дугаартаа дурджээ. Оросын инженерүүд хилийн 40 гаруй км урт хаалт хийн, 100 орчим км газар танкаас хамгаалах гүнзгий нүх ухжээ.

Тус байгууллагаас уг арга хэмжээг Доны хязгаарын аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан авсан арга хэмжээ болохыг мэдэгджээ. 

Түүнээс гадна энэ сарын 25 –ны өдөр 60 гаруй удаа зэр зэвсэг болон байлдааны хэрэгслүүдийг хилээр гаргах гэсэн оролдлого хийсэн тухай мэдэгджээ. Тухайлбал, 40 нэгж галт зэвсэг, 6 мянга орчим байлдааны хэрэгсэл, 200 гаруй гранат, их бууны 100 сум, 30 гаруй мин байв. 
Улсын хилийн журам зөрчсөний улмаас 130 гаруй хүн саатуулагджээ. Хил орчмын журмыг 300 орчим хүн зөрчсөн байна. Хилчид таван тохиолдолд зэвсэг хэрэглэхэд хүрчээ.
Сонирхуулахад, Орос-Украйны хилийн 660 км Ростов мужийн нутгаар өнгөрдөг бөгөөд тэдгээрийн 400 км нь хуурай замаар явдаг юм.