Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Жагдиш Гандиг хүлээн авч уулзлаа

2015 оны 05 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэтхэг Улсын иргэн, Дэлхийн Ерөнхий Шүүгч нарын чуулга уулзалтыг зохион байгуулагч Жагдиш Гандиг хүлээн авч уулзлаа.

Тэрээр төрөлх Лакноу хотдоо 45000 гаруй сурагчтай, 20 салбар сургууль бүхий “Сити Монтесорри” сургуулийг үүсгэн байгуулсан хүн юм. Тус сургууль Гиннесийн дэлхийн рекордын номд Дэлхийн хамгийн олон сурагчтай Ерөнхий боловсролын сургууль хэмээн бүртгэгдсэн байна.

Ноён Жагдиш Ганди нь дэлхий нийтийн энх тайван, хүүхдийн ирээдүйн сайн сайхны төлөөх үйлсээ дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэхийн тулд жилд  олон улсын 30 гаруй арга хэмжээг өөрийнхөө хөрөнгөөр зохион байгуулдаг ажээ.

Тэрээр бас дэлхий нийтийн  хойч үе, ирээдүй болох хүүхдүүд, тэдний амьдрах аюулгүй ертөнцийг цогцлоох үүднээс Дэлхийн Ерөнхий Шүүгч нарын олон улсын чуулга уулзалтыг 2001 оноос хойш хуралдуулж, зохион байгуулагчаар нь ажиллажээ. Чуулга уулзалт зохион байгуулагдсанаас хойших 14 жилийн хугацаанд нийт 114 орны 780 Ерөнхий Шүүгч, шүүгч оролцож, хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц бий болгох их үйлсэд дэмжлэг үзүүлэхээ амласан байна. Анх зохион байгуулагдсан цагаасаа хойш жил бүр уламжлал болсон Дэлхийн Ерөнхий шүүгч нарын чуулга уулзалт нь Дэлхийн энх тайван, тэр дундаа олон улсын нийтийн хэм хэмжээг төлөвшүүлэх их үйлсэд өөрийн өвөрмөц хувь нэмрийг оруулсан байна.

Монгол Улсын шүүхийн төлөөлөл 2002 оноос Дэлхийн Ерөнхий шүүгч нарын тус хуралд тасралтгүй оролцож байгаа бөгөөд жил бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй нийт 17 төлөөлөгч оролцуулжээ.  

Уулзалтын үеэр Ноён Жагдиш Ганди “Сити Монтесорри” сургуульдаа Монголоос оюутан, сурагч элсүүлэн авах боломжтой талаараа ярилаа. Мөн Монголд өрнөж байгаа хууль, шүүхийн шинэтгэлийн асуудлаар санал солилцон ярилцсан юм.