Зүрхний гажгуудыг судсан дотуур бөглөх эмчилгээг Монголд анх удаа хийжээ

2015 оны 05 сарын 22

Түгээмэл тохиолддог зүрхний төрөлхийн болон олдмол гажгуудыг судсан дотуур бөглөх эмчилгээг “Улаанбаатар-Сонгдо” эмнэлгийн Зүрхний тасгийн эмч нар бие даан Монголдоо анх удаа хийв.

Энэ нь зүрхний төрөлхийн гажиг буюу цоорхойг, өвчтөнд зовиур шаналгаагүй, судсан дотуур бөглөх хамгийн орчин үеийн эмчилгээ юм. Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд тэр дундаа хамгийн түгээмэл тохиолддог тосгуур хоорондын цоорхой, ховдол хоорондын цоорхой, артерийн  битүүрээгүй цорго гэсэн гурван гажиг хамгийн түгээмэл тохиолддог.

Энэ гажгуудыг манай улсад нээлттэй  мэс заслын аргаар эмчилж байсан. Америк, Японы эмч нар 10-аад жилийн өмнөөс багаараа ирж ихэвчлэн артерийн битүүрээгүй цоргыг судсан дотуур бөглөх ажилбарыг хүүхдүүдэд жил бүр хийж байгаа юм. Харин том хүнд тосгуур хоорондын цоорхойг монголчууд бие даан бөглөх ажилбарыг “Улаанбаатар-Сонгдо” эмнэлэгт хийж эхэлжээ. 2014 оны 12 дугаар сард тус эмнэлгийн Зүрхний тасгийнхан Хятадын эмч нартай хамтарч уг хагалгааг Монголдоо 6 хүнд амжилттай хийсэн юм. Харин энэ оны гуравдугаар сард БНСУ-ын Ионсей их сургуулийн Сэвранс эмнэлгийн эмч нартай хамтарч тус хагалгааг амжилттай хийж байв.

Харин энэ долоо хоногт Хятадын эмч нарын удирдлага дор манай эмч нар дөрвөн өвчтөнд хагалгааг амжилттай хийж чаджээ. Энэ удаа хагалгаанд орсон хүмүүс зөвхөн тосгуур хоорондоо цоорхойтой биш, уушгины артерийн нарийслыг баллоноор тэлэх ажилбарыг хамт хийсэн байна.

Ийнхүү ажилбарынхаа хүрээг тэлж, илүү нарийн  түвэгтэй ажилбаруудыг хийж байгаа нь тус эмнэлгийн зүрх судасны эмч,  анагаах ухааны доктор Ц.Намхайдорж нарын чадварлаг эмч нарын багийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүн юм.