Ч.Энхтүвшин: ”Хүүхэлдэйн урлагаар монгол ахуйн соёлыг харуулж болно”

2015 оны 05 сарын 21

БСШУЯ, Соёл урлагийн их сургууль, Монголын урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй "Соёлын бүтээлч үйлдвэрлэл" олон улсын чуулганы хүрээнд  “Дизайны хотхон” нэртэй уг үзэсгэлэн нээлтээ хийлээ.

 Үзэсгэлэн урлаг соёл, оюуны бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх зорилгоор СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн багш, төгсөгч, оюутнууд болон бие даасан уран бүтээлчдийн дүрслэх урлаг, дизайн, гар урлал, хэвлэл, кино, фото зураг, тайз дэлгэцийн урлаг, компьютер, график дизайн зэрэг төрлөөр шилдэг бүтээлүүдийг дэлгэжээ. Тухайлбал, Төрийн дархан Д.Энхдаваагийн тэргүүлдэг СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн “хөх урлан” монгол дархны ур, хийцийг өвлөж, орчин цагийн арга, технологийг шингээн урласан бүтээлүүд, загвар зохион бүтээгч Ариунаа Сүригийн содон бүтээлүүд,  зураач Ч.Энхтүвшингийн урласан "N COOSH" брэндийн арьсан хүүхэлдэй хүмүүсийн сонирхлыг татаж байлаа.

Үзэсгэлэнгийн үеэр зураач Ч.Энхтүвшинтэй ярилцсан юм.

Яагаад хүүхэлдэй урлах болов?

-Би СУИС-ийн ДУС-ийг чимэглэх урлагийн ангийг Я.Эрдэнэчимэг багшийн удирдлагад сурч төгссөн. Багш маань монгол гар урлал, эсгий урлал, нэхмэл, хатгамал, арьсан урлал гээд бүгдийг заасан. Уран бүтээлч хүний хувьд Монголын нүүдэлчин иргэншлийн ахуй, өв соёл устаж байгаад эмзэглэдэг юм. Тиймээс уран бүтээлээрээ дамжуулж монгол ахуйг яаж авч үлдэх вэ, хойч ирээдүйдээ ямар байдлаар дамжуулах вэ гэж боддог байлаа. Тэгээд хүүхэлдэйн урлагаар монгол ахуйн соёлыг харуулж болох юм гэж зориглон 2005 оноос хийж эхэлсэн.

-Дэлхий дээр гар урлал хамгийн үнэ цэнэтэй урлаг бөгөөд маш өндөр үнэлэгддэг юм билээ. Та гадны оронд бүтээлээ дэлгэж байв уу?

- National Geographic -ийн урилгаар Монголоо төлөөлж АНУ-д анхны үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Түүнээс хойш Атланта, Техас, Сан Франциско, Сингапур хотуудад гаргасан. Манайд хүүхэлдэйн урлагаар үзэсгэлэн гаргасан хүн байдаггүй. Миний хүүхэлдэйнүүд Монголын нүүдэлчин ахуйг харуулдагаараа онцлог юм.

-Бүтээл хийх материалаа хэрхэн сонгодог вэ.  Монголчууд хэр хүлээж авч байна?

-Би хүүхэлдэйгээ арьс, үс, яс, хумс гээд малын ашиг шимээр хийдэг. Гаднаас нэг ч түүхий эд, материал авдаггүй учраас Монголын эдийн засагт шууд хөрөнгө оруулалт болно. Нэг ёсондоо хоосон орон зайнаас бүтээсэн баялаг юм. Нүүдэлчин өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн ахуйн соёлд тулгуурлан зөвхөн монголд байгаа бүтээгдэхүүнээ ашиглаж хүүхэлдэй хийдэг. Энд эдийн гэхээс илүү өв соёл, ёс заншил гэсэн эдийн бус ашиг сонирхол их бий. Улс орон болгон өөрсдийн гэсэн хүүхэлдэйн брэндтэй. Оросыг матрёшка, Японыг Шоко, АНУ-ыг барби төлөөлөх жишээтэй. Дэлхий даяар хүүхэлдэйг Барби төлөөлж байна. Миний хийсэн хүүхэлдэйг хүлээн зөвшөөрч чадвал Монголын брэнд болгохыг их хүсч байна. Хамгийн гол нь хэн ч хийсэн бай Монголыг төлөөлөх хүүхэлдэй өнгөн талаас илүүтэй цаад гүн ухаан утга учир өв соёл уламжлалыг харуулдаг байгаасай гэж хүсдэг. Тиймээс “N’COOSH” нэртэй хүүхэлдэйн брэндийг гаргаж оюуны өмчөөр баталгаажуулсан.

-Хэдэн төрлийн “N’COOSH” хүүхэлтэй урлаад байгаа вэ?

Айл гэрт хэдэн гишүүн байдаг билээ тэр бүгдийг урласан. Гэхдээ бүгд өөр өөрийн онцлогтой, дахин давтагдашгүй. Яг л хүн шиг. Хүүхэлдэйгээ худалдаалах зорилгоор хийдэггүй.  Хамгийн гол нь Монголыг дэлхийд төлөөлөх брэнд болж үлдээсэй гэж хүсдэг. Сонирхолтой нь хүүхэлдэйг бид хүн төрөлхтөний сүүлийн үеийн бүтээл гэж боддог. Гэтэл Хүннүгийн үеийн булшнаас 108 ширхэг жижигхэн хүүхэлдэй гарч ирсэн байдаг. Торгон даавуун хувцастай, нүүрийг нь цагаанаар будаж, нүд хөмсгийг нь зурчихсан, үсийг нь дээш нь овоолж хөндлөн чагт хийсэн  маш нарийн хийцтэй хүүхэлдэй байсан. Модоор урласан мориных нь хөл хөдөлдөг байх жишээтэй. Энэ олдворуудыг огт дэлгэж үзүүлэхгүй байгаа юм. Гадагшаа гаргачихсан юм болов уу. Тэгэхээр хүүхэлдэй гэдэг зүйл хүн үүссэн цагаас байсан юм бишүү гэж бодож байна. 

Монголд бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэслэл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний хөтөлбөрийг олон улсын туршлага, өөрийн өвөрмөц онцлогт тохируулан боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой уг чуулган өнөөдөр дуусч байгаа юм.