Баянхонгор уулыг улсын тусгай хамгаалалтад авах санал гаргав

2015 оны 05 сарын 21

Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Баянхонгор хайрхан уулын 2346.6 га талбайг байгалийн дурсгалт ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах саналыг аймгийн ИТХ-аас Монгол Улсын Засгийн газарт уламжилжээ. 

Аймгийн ИТХ-ын энэхүү шийдвэрийг тус сумын иргэд нь оновчтой шийдвэр хэмээн үзэж батлагдана гэдэгт итгэж байгаагаа ярьж байна.

Энэхүү хайрханы өвөрт 1943-1961 онд Баянхонгор аймгийн төв суурьшин аймгийнхаа нэрийг эл уулын нэрээр нэрийдсэн түүхтэй аж. Хайрханыг 2009 оны наймдугаар сарын 3-ны өдрийн тогтоолоор Баянхонгор аймгийн Тахилгатай болгожээ.
Сонирхуулахад, “Баянхонгор хайрхан уул”-ын оройн элсийг эрт үеэс тахин шүтэж, равнайлсан амьд элс ахуйд хэрэглэж иржээ. Мөн хайрханыг тойрсон эгц цавчим хад, хонгил, хайрханы орой, бэлээр булш хиргисүүр, тахилга тайлгын овоо нэлээд байдаг байна. Тэдгээрээс гадна хайрханы орчмоор усан болон утаат болорын илэрц газрын хөрсөн дээр гарч ирсэн байдаг аж.