Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэлэлцэв

2015 оны 05 сарын 20

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2015.05.20/ хуралдан Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд хууль, УИХ-ын бусад шийдвэрийг санаачлах, тэдгээрийн төсөл боловсруулах, магадлан шалгах, хэлэлцүүлэх, УИХ-д өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, мэдээлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан юм. Хуулийн төсөл батлагдсанаар хууль тогтоомжийн төслийн боловсруулалт, хууль тогтоомжийн чанар сайжрах, хууль тогтоомж хэрэгжих нөхцлийг бүрдүүлэх зэрэг эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдсэн болон төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

"Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай” гэсэн төслийн нэрийг “Хууль тогтоомжийн тухай хууль” гэж өөрчлөх саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Ажлын хэсгээс оруулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй 30 санал, Ажлын хэсгээс гаргасан 40 санал, УИХ-ын гишүүн Л.Болдын гаргасан саналуудаар тус тус санал хураалт явуулж дуусан, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.