Жолооч хүний нэг хөл дөрөөн дээр, нөгөө хөл шоронд байдаг

2015 оны 05 сарын 20

Саяхан шинэ машин аваад хотын гудамжаар өөрт байдаг хэдэн найзаа урд хойноо суулгачихсан, орилолдсон хэдэн амьтан салхинд гарах санаатай давхиж байваа.  Яаж зүгээр байхав ганц хоёр балгаастай. Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухыг хориглосон заалт бий. Бас дээр нь би гэдэг хүн саяхан жолооч гэсэн нэр зүүсэн санаатай. Хичээлийн хажуугаар жолооны дамжаанд суусан болохоор дүрэм болон дромдоо тоотой хэдэн удаа л очсон. Шалгалт боллоо. Яахав хичээлээ хийгээгүй хүн чинь унаад өгөв өө хөөрхий. Давтан гурван удаагийн шалгалтын эхний хоёрт нь уначихсан, муухай царайлсан амьтан. Маргааш хамгийн сүүлийн найдвар, миний жолооч болоод аавынхаа машиныг авч унах хүсэл биелэх үгүйг шийдэх гээд байгаа өдөр. Тэгсэн яасан гээч Би дахиад л уначихсан. Жолооны дүрэм гэдэг чинь толгой өвтгөсөн, учир нь олдохгүй яривагтай эд болохоор тэр. Гэхдээ би шалгалтандаа тэнцээгүй ч жолоодох эрхтэй Монгол Улсын жолооч "мэргэжилтэй" хүмүүсийн нэг. Яагаад гэж үү?

Шалгалтандаа унаад ханаагүй, хашраагүй над шиг хүмүүс цаагуур чинь зөндөө л байдаг юм байна лээ. Гэхдээ тэд бүгд л жолооч болчихсон хотын гудамжаар салхи татуулж яваа. Юу ч гэсэн жолооны курст бүртгүүлсэн нь үнэн, нэг мэдэхэд жолооны үнэмлэхтэй болсон нь үнэн. Би шалгалтандаа уначихаад “За одоо аавыг л гуйна даа, яаж ийгээд жолооны үнэмлэх гаргуулаад өг гээд л гүрийчихье” гэж бодоод доошоо хараад явж байтал жолооны багш араас нэрээр минь дуудаж байна.

-Уучлаарай багш аа би шалгалтандаа уначихлаа.

-Би чамд хичээлдээ ирж суу гэж зөндөө хэлсэндээ. Угаасаа дромд ганц ч удаа суугаагүй хүн ямарч бурханд мөргөөд хэрэггүй, тэнцдэггүй юм. Гэхдээ яахав, чиний жолооч болох чин хүслийг бодоод багш нь нэг арга бодоё. Хэдэн төгрөг л хэрэгтэй болох байх шүү.

- “Хэд, хэд хэрэгтэй юм багш аа? Тэгээд би жолооны үнэмлэхтэй болох юм уу?”  гээд л боломж байгааг сонсоод сандчин асууж гарлаа.

Гэхдээ...

Боломж гарсан тэр өдрөөс хойш нэг сарын дараа машин жолоодох эрхийн үнэмлэх гар дээр минь ирсэн. Тэгээд л би жолооч болчихсон юм. Шинэ жолооч. Хэзээ хэнийг, юуг мөргөх нь тодорхойгүй, найдваргүй жолооч. Яагаад өөртөө ийм сэтгэл хангалуун бус байгаа гээч.

Хэд хоногийн өмнө миний төрсөн өдөр болсон.  Аавын бэлгэнд авч өгсөн машинд суучихсан,  найзуудтайгаа нийлж дарвиж явсан минь тэр. Юу ч бодолгүй уучихсан юм. Тэр үед л бүх юм сайхан байгаа юм шиг, болохгүй юм байдаггүй юм шиг санагдаж их л довлиун явсан.

Гэхдээ одоо би хүн алсан алуурчин. Жолоо барьж, хүний амь нас хариуцан явж байгаа хүн гэдгээ би даанч сүүлд ухаараад сууж байна. Салхинд гарцгаая, хөдөөний зам зүгээрш дээ, яав л гэж гээд  найзуудтайгаа санаа нийлчихсэн сайхан явж байтал гэнэт гай нь таарсан. Гай ч гэждээ, тэр хүүхдийн гэр бүлийнхэний хувьд би л жинхэнэ газрын гай. Сургуулиасаа тараад гэрлүүгээ, ээжийнхээ өвөр лүү яаран сандран гүйсэн бяцхан жаал одоо энэ хорвоо дээр байхгүй. Уг нь тэр саяхан сургуульд орж, шинэ найзуудтай болоод, амьдарлаа цоо шинээр зурж эхлээд байсан юм. Гэтэл би бүгдийг нь үгүй хийчихсэн. Тэр бид хоёр харш хүмүүс байж. Би тормс гишгэж машинаа зогсоох гэсээр байтал яах ийхийн зуургүй л урдуур гүйгээд орчихсон. Яг тэр мөчид би эрүүл болж, тэр хүү бурхан болсон юм.

Одоо харин би цагдаагийн үүдэнд өөрийн нэрийг хүлээн, шүүх хуралд дуудагдах гээд сууж байна. Гар минь үүнийг бичиж чадахгүй салгалан, зүрх минь биенээсээ үсчин, надаас даажин байх шиг. Би яах гэж тэр жолоооны үнэмлэхийг тэгэж их хүссэн юм бол. Машин барьж чадахгүйг минь шалгалтаар нотлоод байхад зөрөн зөрөн  яах гэж жолооны ард суусан юм бол. Шалгалтанд нь уначихсан хүнийг хэдэн бор төгрөгнөөс болж үнэмлэх яах гэж гаргаж өгөвдөө багш аа. Машин унаж чадахгүйг мэдсээр байж аав минь яах гэж шинэ машин авч өгч, тэнэг хүүгээ эрхлүүлсэн юм бол. Бяцхан жаал дүү минь тэр өдөр яах гэж  сургуулиасаа ганцаараа гарч гүйвээ.  Яах гэж, яах гэж. Энэ бүхэн анхнаасаа жолооны үнэмлэхтэй, жолооч болоод үеийнхэндээ атаархуулах гэсэн миний гэнэн тэнэг бодол,  эрх дураараа зангаас үүдсэн мунхаглал. Дээр нь жолооны багшийн маань хэдэн төгрөг олж байвал юу ч хийхээс буцахгүй зан нийлээд эцэстээ энд хүрээд төгсөх байж. Жолооны багш аа муулах гэсэнгүй, би хүссэн учир тэр надад үнэмлэх өгсөн. Тэгээд ч түүний цалин амьдралд нь хүрдэггүй юм. Тэр дан ганц өөрийгөө бодоод мөнгөнд улайраагүй ээ. Бүлтгэнээд зогсох хэдэн хүүхэд нь нүдэнд нь харагдсаар мөнгөнд дуртай болчихсон юм. Уг нь тэр намайг жолооч болох чин хүсэлд минь тусалсан гавьяатай хүн. Бас тэр намайг энэ бүх зүйлийг хийхэд гол хөшүүрэг минь болсон чимээгүй алуурчин. Би бүх жолооны багш нарыг ийм зүйл хийдэг гэж хэлэхгүй. Гэхдээ нийгэм тэр чигээрээ мөнгөний улаан боолоор дүүрсэн гэдгийг өөрөө алдан байж, тэр бүхнийг зүхэн суухдаа мэдэж байна. Энэ бүх зүйл болохоос өмнө би жолооны дамжаанд бүртгүүлнэ гээд нэг найздаа ярьж байсан юм. Тэгсэн тэр “Бүртгүүлж яадаг юм, захиалаад авчдаг байхгүй юу, хайран цаг, зав зай” гээд хэнэг ч үгүй хэлж байсан нь нүдэнд харагдан гасалж сууна. Энэ бүх тэнэглэл мөнгө гэдэг ер бусын шидтэй хэрнээ хамгийн бохир тэрхүү цааснаас гарч буй хар энергитэй л холбоотой байх.

 Өөрийн гэр бүл, тэр жаалын ээж аавд ямар хэцүү байгааг төсөөлөхөөс ч аймар санагдаад байна. Алуурчин хүн уйлан бичиж байна.

Над шиг ийм гэнэн бодолд хөтлөгдсөөр бүтэлгүй төгсгөлд хүрсэн хүмүүс харамсалтай нь маш их байдаг болохоор, үүнийг би өөрөө алдаж байж ухаарсан учир таныг миний алдааг бүү давтаасай хэмээн чин зүрхнээсээ хүсч байна.

 Жолооч хүний нэг хөл дөрөөн дээр, нөгөө хөл шоронд байдаг гэдгийг жолооч болох гэж байгаа, машины хүрд мушгин яваа хүн бүрт дахин дахин сануулмаар, хэзээ ч битгий бодлогогүй алхам хийгээсэй хэмээн үнэн голоосоо хүсч байна. Найз нөхдөө жолоо барьж байхад нь “Зүгээр ээ” гэдэг үгээр халхалж, согтууруулах ундаа бүү уулгаасай. Хайртай хүмүүсийн тань амь нас таны гарт байгааг санаад, эрс татгалзах нь амьдралдаа хийж буй хамгийн зөв алхам ч болж мэднэ. Мөнгө олох гэсэн бүхний улайрал эцэстээ ийм зүйлд хүргэж байгааг ойлгоод, зөв амьдраач хүмүүс минь ээ.

Г. Оюунт

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД