“Соёлын бүтээлч үйлдвэрлэл” олон улсын чуулган болов

2015 оны 05 сарын 20

Монгол хүний оюуны бүтээмж дэлхийн зах зээл дээр гарах хамгийн ойрын гарц бол соёлын бүтээлч үйлдвэрлэл юм хэмээн БСШУ-ы сайд Л.Гантөмөр өнөөдөр болсон “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” олон улсын чуулганы үеэр онцлов.

Тус чуулганыг БСШУЯ, СУИС, Монголын урлагийн зөвлөл хамтран  "Улаанбаатар" зочид буудалд зохион байгуулж байна.

Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг мэдлэгт суурилсан эдийн засгаас урган гарсан хүн төрөлхтний хөгжлийн нэг гарц гэдэг нь нэгэнт тодорхой болсон зүйл. Монгол Улсад шинэ тутам хөгжиж байгаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийг салбартаа төдийгүй, улс орон даяар, иргэн бүрийн анхаарлын төвд хүргэх  зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа юм. Соёлын бүтээлч үйлдвэрлэл бол хүн төрөлхтний ирээдүй хэмээн чуулганд оролцогчид онцолж байна. Тэд соёлын эдийн засгийн өнөөгийн чиг хандлага, Монгол улсын өмнө нээгдэж буй боломж, соёлын үйлдвэрлэлийн оюуны өмчийн асуудал, Ази Европын кино үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага зэрэг соёлын салбарын бүх л асуудлыг хөндсөн илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

БСШУ-ы сайд Л.Гантөмөр хэлэхдээ, “Монголын соёлын үнэт зүйлс, түүх соёлын өвийг хадгалан, уламжлуулахын зэрэгцээ түүнийг оюун санаа, эдийн засгийн нөөц болгон үр өгөөжтэй ашиглах замаар соёлын холбогдолтой үндэсний бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулахуйц салбар болгон хөгжүүлэх нь чухал. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бий болгох бодлогын амин сүнс нь алдаж болдог орчинг бүтээх хэрэгтэй. Түүнээс биш бизнес болгохоор кино, ном бүтээж түүндээ унахаараа босч чаддаггүй, цаашаа явж чаддаггүй мөнгөний бодлогын орчинд бүтээлч үйлдвэрлэл хөгжихөд хэцүү. Тиймээс дэлхийн орон зайд гарах боловсролтой хүнийг бэлтгэх, төрийн хүчтэй бодлогоор монгол соёлыг хүн төрөлхтөнд хүргэж байгаа бизнесийг дэмжих гэсэн хоёр тулгууртай бодлого хэрэгжүүлнэ” гэв.

Шанхайн Театрын академийн кино урлагийн сургуулийн захирал, доктор Хү Шү-Хуа, “Кино урлаг бол бүх хүмүүст ойлгомжтой, нээлттэй байдгаараа өвөрмөц урлаг. Хятадын кино үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагад хамтарсан хөгжиж байгаа. Кино үйлдвэрлэлийг хөгжүүлэх хамгийн анхны алхам бол сайн технологи, зохиол, авьяаслаг жүжигчидтэй байх хэрэгтэй. Монгол бол дэлхийд алдартай баялаг түүхтэй ард түмэн. Тиймээс монголчуудын хувьд түүхээ гол агуулга болгон сайн кино үйлдвэрлэгчидтэй хамтарсан кино хийх нь зүйтэй” гэв.

Соёлын үйлдвэрлэлийн оюуны өмчийн асуудал сэдвээр Оюуны өмчийн газрын хэлтсийн дарга Э.Мягмардорж илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, “Оюуны өмчийг хамгаалснаар бүтээл туурвигчдыг дэмжин урамшуулдаг. Улмаар шинийг санаачлагчид болон бүтээл туурвигчид улам ихийг санаачлах, бүтээл туурвих сонирхол бий болсноор улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулдаг. Манай оронд соёлын салбарт хичнээн ажлын байр бий болж эдийн засагт хэр зэрэг нөлөө үзүүлж байгааг тогтоосон судалгаа байхгүй. Иймд энэ төрлийн судалгааг хийснээр цаашид төрийн зүгээс бодлогоо тодорхойлж хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна” хэмээн дурдлаа.

Чуулганд төрийн байгууллага, боловсрол, соёл, урлагийн салбарын төлөөлөл, судлаачид, бизнесийнхэн, бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөлөл, Их Британи, АНУ, Франц, БНСУ, БНХАУ, Дани, Малайзын судлаач, шинжээч, багш зэрэг 200 гаруй төлөөлөгч оролцож байна.

Тус чуулганаар монголд бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэслэл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлон, бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний хөтөлбөрийг олон улсын туршлага, өөрийн өвөрмөц онцлогт тохируулан боловсруулах юм. Чуулган маргааш өндөрлөнө.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД