“Монголын буддын судлалын орчин үеийн асуудал”сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно

2015 оны 05 сарын 20

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Г.Лувсанцэрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “Монголын буддын судлалын орчин үеийн асуудал”сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал маргааш МУИС-ийн Эрдмийн танхимд болно.

Тус хурлыг Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Философи, шашин судлалын тэнхим, Монголын буддын судлалын хүрээлэн ТББ хамтран зохион байгуулах юм.

Хуралд ШУА-ийн Философийн хүрээлэн, Түүх, археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, Соёл урлаг судлалын хүрээлэн, Богд хааны ордон музейн эрдэмтэн судлаачид “Монголын бурхны шашин дахь багш, шавийн барилдлага”, “Монголын буддын сэтгэгчдийн намтар зохиолын өнөөгийн чиг хандлага”, “Хамба номун хан Агваанхайдавын нэгэн зохиолын тайлбарын асуудалд”, “Монголын Буддын соёлын биет өвийн өнөөгийн байдал /Богд хааны ордон музейн үзмэрүүдийн жишээн дээр/”, “Цагадайн удмын хаад ба буддын шашин”, “Орчин үед Буддын шашны нэр томьёоны тайлбар толь зохиох аргазүйн асуудалд”, “Монголын Буддизмын дахин сэргэлт: түүх, уламжлал ба судлал шинжлэлийн уг сурвалж”, “Иргэний болон шашны боловсрол, судалгаан дахь Буддын гүн ухаан судлалын арга зүйн онцлог”, “Академич Г.Лувсанцэрэн ба Буддын судлалын үзэл баримтлал” зэрэг сэдвээр 20 орчим илтгэл хэлэлцүүлэх юм.

Хурлын нээлтэд ШУА-ийн дэд ерөнхийлөгч Т.Дорж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, МУИС-ийн ректор Р.Бат-Эрдэнэ, академич Д.Төмөртогоо нар оролцоно.