Тамирчин Б.Батцэцэгт хагалгаа үнэгүй хийнэ

2015 оны 05 сарын 20

Тив, дэлхийн чөлөөт бөхийн тэмцээнд амжилттай оролцож, залуучуудын олимпийн аваргын алтан медаль хүртэж, эх орныхоо нэрийг мандуулж явсан тамирчин Б.Батцэцэгийн бэртэл гэмтлийг анагаах хагалгааг үнэгүй хийж өгөхөөр болжээ.

Тэрбээр хүнд бэртлийн улмаас барилдаж чадахгүйд болж спортоо орхиход хүрсэн юм. Түүнд уг бэртлийг эмчлэх хагалгааны зардалд 20 сая төгрөг шаардлагатай байгаа талаар хэд хоногийн өмнө олон түмэнд хандаж хэвлэлийн бага хурал хийлгэн туслалцаа хүсч байсан юм.

Харин “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт эхний ээлжийн мэс ажилбар болох хадаас авхуулах эмчилгээг ирэх долоо хоногт хийж, дараа нь MRI хийж, гэмтэлтэй өвдөгт шаардлагатай эмчилгээг хийхээр болсон байна. Тус эмнэлгийн Үе мөч, Ортопед мэс заслын эмч нар Монголын залуу тамирчдыг дэмжих үүднээс энэхүү хагалгааг үнэ төлбөргүй хийж өгөхөөр болжээ.