Шуурхай тусламжийн утсанд шинэ үйлчилгээ нэвтрүүллээ

2015 оны 05 сарын 20

Сонсголын бэрхшээлтэй иргэдэд яаралтай тусламжийн  үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс ХАХНХЯ-наас санаачлан Харилцаа холбооны зохицуулах хороо, ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төв болон үүрэн холбооны операторуудтай хамтран хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд шуурхай тусламж 101,102,103,105 утасны дугаарт мессэжээр /SMS/ дуудлага өгөх, мэдээлэл авах үйлчилгээг шинээр нэвтрүүлж эхэллээ.

Монгол улсын хэмжээнд 2014 оны Статистикийн тоон мэдээгээр сонсголын бэрхшээлтэй 8304 хүн байгаа бөгөөд Улаанбаатар хотод 2845 сонсголын бэрхшээлтэй иргэд бий. Үүрэн телефон хэрэглэгч сонсголгүй 800 гаруй иргэдийн бүртгэлийг шинэчлэн бүртгээд байгаа аж.

ХАХНХ-ын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж, шуурхай мэдээллийн төв болон үүрэн телефоны операторууд хамтран ажилласны үр дүнд Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайл компанийн хэрэглэгчид Шуурхай мэдээллийн төвдмессэжээр  дуудлага өгөх, мэдээлэл авах боломжтой болоод байна. Тэгвэл өнөөдөр энэхүү ажлыг эхлүүлэх "Хамтын ажиллагааны санамж бичиг”-т ХАХНХ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, ЦЕГ-ын дарга тэгрүүн комиссар Р.Чингис, Монголын дүлий иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал нар гарын үсэг зурлаа. 

Энэхүү үйлчилгээ нь эхний ээлжинд Улаанбаатар хотын 9 дүүрэгт эхлэх бөгөөд цаашдаа Монгол улын хэмжээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД