Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 100 МВт-аар өргөтгөх ажлыг эхлүүлэхийг шаардав

2015 оны 05 сарын 20

Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 100 МВт-аар өргөтгөх асуудал яригдаж эхэлсээр хоёр жилийн нүүрийг үзэх гэж байна. Энэ ажлыг концессийн гэрээгээр гүйцэтгэхээр болсон юм. Гэвч тендэрт шалгарсан компани нь гэрээ хийхээс татгалзсан учир өргөтгөлийн ажил урагшлахгүй байна.

Энэ талаар Эрчим хүчний сайд Д.Зоригт УИХ-ын гишүүн Х.Болорчулуун чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тавьсан асуултад хариулахдаа Аж үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамд “Дорнодын дулааны цахилгаан станц төсөл” концессын ажлын хэсгийг байгуулан, концесс эзэмших эрхийн төлөөх шууд гэрээний хэлцлийг хувийн хэвшлийнхэнтэй явуулж эхлээд байгаа. Уг нь Концессын уралдаант шалгаруулалтыг жилийн өмнө явуулж, ялагч нь тодорсон юм байна. Гэвч эхний шалгарсан компани нь гэрээ хийхээс татгалзаж, нэгэнт дээрх компани татгалзсан болохоор хоёрдугаарт жагссан компанид санал хүргүүлсэн ч одоо болтол хариу ирүүлээгүй байгаа аж. Энэ компани товлосон хугацаанд хариугаа өгөхгүй бол дараагийн буюу гуравт эрэмбэлэгдсэн компанид санал тавих болно гэжээ.

Зүүн бүс нутгийн эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа энэ үед Дорнодын ДЦС-ын хүчин чадлыг яаралтай нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Концессын гэрээ хийгдчихвэл, өргөтгөлийн эхний ээлж буюу 50 МВт тоноглолыг 2015 оноос, хоёрдугаар шат болох үлдсэн тоноглолыг 2016 оноос тус тус ашиглалтад өгнө гэсэн төлөвлөгөөтөй байсан ч гэрээ хийх компани нь одоо хэр тодроогүй байгаа тул энэ ажил дахиад л сунжрах нь бололтой.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД