Дархан хотоо ”Мөнх ногоон хот” болгох уриалга гаргажээ

2015 оны 05 сарын 20

Дархан-Уул аймаг энэ жил Дархан хотоо "Мөнх ногоон хот" болгох уриалга гаргаж нэг сая мод шинээр ургуулах хөдөлгөөн өрнүүлсэнтэй холбогдуулж аймгийн Төв номын сангийн хамт олон “Хүүхэд залуучуудын соёл амралтын төв”-д мод тарьж “Номын санчдын төгөл” байгуулав.

Төв Номын сангийн дарга Д.Цэрэндаваа:-“Дархан хотод өрнөсөн нэг сая мод тарих хөдөлгөөнд манай хамт олон нэгдэн орж байна. Аймгийн нутаг дэвсгэрт мод тарьж зүлэгжүүлж орчиноо цэцэрлэгжүүлэх "Ногоон элч" уралдаанд ч оролцоё гэж хамт олноороо ярилцаад эхний ээлжинд 30 ширхэг мод суулгалаа. Бид энэ орчиндоо дахин мод тарьж өргөжүүлж “Номын санчдыг төгөл” болгохоор зураг төсвөө гаргаж хаягтай самбараа хийлээ. Бидний байгуулж байгаа яг энэ төглийн хажууд аймгийн “Зохиолчдын төгөл” байна. Тэдгээр нарс моддын үрслэгээг манай зохиолчид 2011 онд Сэлэнгэ аймгийн Бугантын модны аж ахуйгаас авч ирж тарьж байсан нь сайхан ургажээ. Номыг нь зохиодог зохиолчдын төглийн хажууд номыг нь түгээдэг номын санчид төглөө байгуулж байгаадаа баяртай байна” гэв.