Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчийн нийгмийн даатгалыг төрөөс шийдэхийг хүсэв

2015 оны 05 сарын 18

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 4600 орчим Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж амьдарч байна. Тэд төрийн албан хаагчдад дохионы хэлний сургалт явуулах, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллагуудын дэд бүтэц орчныг хүртээмжтэй болгох, байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн асран хамгаалагчийн нийгмийн даатгалын асуудлыг төрөөс шийдвэрлэх, зэрэг олон асуудлаар холбогдох газруудад санал хүргүүллээ.

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бидний оролцоо” зөвлөлгөөнийг энэ сарын 13-ны өдөр зохион байгуулах үеэр саналаа хүргүүлжээ. Зөвлөлгөөнд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон 500-аад иргэд оролцож, санал бодлоо төр засагтаа хэллээ. Зөвлөлгөөнд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ж.Батсайхан, аймгийн НХҮХ-ийн дарга Ж.Алтанцэцэг, “Пара” хөнгөн атлетикийн тэргүүн Ц.Энхцэцэг, ХАХНХЯ-ны Сэргээн Засалт хөгжлийн Үндэсний төвийн хэлтсийн дарга Т.Батдулам, Сэргээн засалт хөгжлийн Үндэсний төвийн дарга Б.Нарантуяа, АИФО-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Д.Тулгамаа, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Баатаржав, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгч н.Мөнхсаруул нар оролцлоо.

Сэлэнгэ аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажил, үйлчилгээний хүртээмж, төрөөс ХБИ-ийн талаар баримталж байгаа бодлого, үйл ажиллагаа, Сэргээн Засалт хөгжлийн Үндэсний төвийн үйл ажиллагаа, цаашдын зорилт, тэднийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах, ХБИ-ийн нэдсэн холбооны үйл ажиллагаа, цаашдын зорилт гэсэн асуудлуудаар зөвлөлдлөө.

Тус зөвлөлгөөний талаар аймгийн НХХ-ийн дарга Ж.Батсайхан:”Бид энэ оны 4-р сарын 10-наас 5-р сарын хүртэл ХБИ-дээ зориулсан сарын аяныг зохион байгууллаа. Сарын аяны хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудын нэг бол өнөөдрийн зөвлөлгөөн байгаа. Зөвлөлгөөний хүрээнд аймагтаа анх удаа ХБИ-ийн паралимпийн наадмыг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаагаараа ХБИ-ийн спортын оролцоог нэмэгдүүлэх, идэвхийг дээшлүүлэх, бие бялдрын хөгжлийг нь сайжруулах, цаашлаад удахгүй болох улсын параолимпийн наадамд оролцох бэлтгэлийг нь хангах, тамирчдаа сонгон шалгаруулах зэрэг давхар ажлууд хийгдлээ. Мөн энэ ажлын хүрээнд Сэргээн засалт Үндэсний төвтэй хамтран ажиллалаа. Тус хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж гурван өдөр ажиллаж, протезийн үйлдвэрийнхээ үйл ажиллагааг явуулж, манай аймгийн ХБИ-дэд үзлэг, оношлогоо хийхийн зэрэгцээ протезийн үзэсгэлэн гаргаж, протезийн засвар үйлчилгээ хийж, сургалт зөвлөгөө өглөө. Нэг өдрийн тоогоор 130 гаруй иргэд эмчийн үзлэгт орж, зөвлөгөө авч чадсан байна. Цаашдаа  бид ХБИ-д рүүгээ чиглэсэн олон талт үйл ажиллагааг авч явуулна. Гэхдээ энд зөвхөн төрийн байгууллагаас бодлого шийдвэрээ гаргаад явах биш, ХБИ-дэд зориулсан төрийн бус байгууллагууд цаашдаа яаж ажиллах юм, яаж төрөөс дэмжлэг туслалцаа хүртэх юм, төр ХБИ-ийн хоорондын холбоог хэрхэн уялдуулах юм, нөгөө талаас эдгээр иргэд маань өөрсдөө хэрхэн санал санаачилга гаргаж, тусламж дэмжлэг авч ажиллах юм бэ, өөрсдийнхөө эрүүл мэндийн чиглэлээр, өрхийн орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн ажиллах вэ гэдэг асуудлууд зөвлөлгөөний үндсэн гол зорилго байлаа. Ялангуяа ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал их чухалд тавигдаж байна. ХБИ-тэй айл өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр юу хийх вэ гэдэг асуудлыг массаар нь авч үзэх ёстой. ХБИ-дэд зориулсан олон төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг. Өнгөрсөн жил бид 100-аад сая төгрөгийг эдгээр иргэддээ зориулсан байгаа. Түүнчлэн тэргэнцэртэй иргэддээ чиглэсэн арга хэмжээг ирэх 8-р сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Эд маань тэргэнцрээ яаж ашиглахаа бас сайн мэддэггүй юм байна” хэмээн ярилаа. ХБИ-ийн зөвлөгөөнөөс

Монгол Улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, Сэргээн засах Үндэсний төв, аймгийн ЭМГ, аймгийн Нэгдсэн эмнэлэг, үйлчилгээний газрууд, аймгийн Боловсролын байгууллага зэрэг 8 байгууллагад хандаж, байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн асран хамгаалагчийн нийгмийн даатгалын асуудлыг төрөөс шийдвэрлэх, орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн зарцуулалтын журманд уг төсвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулах асуудлыг тусгах, ХБИ-ийг дэмжсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, орон нутаг дахь ХБИ-тэй ажиллах бүтэц, орон тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төрийн захиргааны ажилчдын үр дүнгийн гэрээнд ХБ-ийн чиглэлээр хийх үйл ажиллагааг тусгах, ХБ-ийн нийгмийн дагаварын талаарх мэдлэг,  ойлголтыг төрийн албан хаагчдад олгох, аймаг, сумдын төрийн албан хаагчдад дохионы хэлний сургалт явуулах, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллагуудын дэд бүтэц орчныг хүртээмжтэй болгох, ЭМТ-үүдийг тэргэнцрээр хангах, ЕББДСургуулийн биеийн тамирын багш нарт ХБИ-дэд зориулсан сургалт явуулах зэрэг 38 санал, зөвлөмжийг ХБИ—ийн аймгийн зөвлөлгөөнөөс хүргүүлэхээр зөвлөмжийн төслийг өргөн баржээ.

Зөвлөлгөөний үеэр сумдын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийж урласан бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн худалдаа гарсан байлаа.