Хавдар судлалын үндэсний төвд туяа эмчилгээний иж бүрдэл багаж бэлэглэв

2015 оны 05 сарын 18

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Хавдар судлалын үндэсний төвд туяа эмчилгээний Бабатрон –II Телекобальт иж бүрдэл багаж, Радио  эмчилгээний симуляторыг бэлэглэлээ.

 Хавдар судлалын үндэсний төв, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Тата мемориал төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд дээрх аппаратыг гардуулж буй юм.

Уг аппаратыг ирэх 9 дүгээр сар гэхэд бүрэн ашиглалтад оруулах юм байна. Энэтхэгийн мэргэжилтнүүд ХСҮТ-д ирж аппаратыг суурилуулан манай мэргэжилтнүүдэд сургалт явуулах аж.

Хавдар судлалын үндэсний төвд туяа эмчилгээний энэхүү аппаратыг бэлэглэснээр туяа эмчилгээнд дараалал хүлээлт үүсэхгүй гэдгийг албаныхан тодотголоо. Тус төвд өдөрт туяа эмчилгээнд 60-70 хүн ордог бөгөөд дээрх аппаратыг суурилуулснаар туяа эмчилгээний кабинетын хүчин чадал хоёр дахин нэмэгдэх юм байна.

Туяа эмчилгээний 2 хэмжээст “IMAGIN” симулятор аппаратыг эмчилгээнд нэвтрүүлснээр хорт хавдрын туяа эмчилгээний төлөвлөлтийн хүртээмж нэмэгдэхээс гадна  хөнгөвчлөх туяа эмчилгээг богино хугацаанд өвчтөнд хүргэх боломжтой болох юм. Харин Бабатрон –II аппаратыг суурилуулснаар хорт хавдартай хүмүүст үзүүлэх туяа эмчилгээний хүртээмж сайжрах юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД